Нүүр хуудас Улс төр Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна

Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна

75
0
undsen-huuli-zasorchson-gew
Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байна

Засгийн газар Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан шалгуулахаар /2018-12-13/-ний өдөр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Д.Ганболд, С.Бямбацогт нар Үндсэн хуулийн цэцэд хандлаа.

Монгол Улсын төр тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой хэдий ч Засгийн газрын гишүүнээр ажиллаж буй УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй, ирц бүрдүүлэхгүй байгаа нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж байгаа аж.

Энэ талаар Л.Энх-Амгалан гишүүн, “Үндсэн хуульд “Хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, “Ерөнхий сайд Засгийн газрыг хариуцаж төрийн хууль биелүүлэх үүргийг биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна”, “Засгийн газар үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана” гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн УИХ-ын тухай, УИХ-ын дэгийн тухай хуулийг Засгийн газрын гишүүд зөрчиж байна. УИХ-ын тухай хуульд “Засгийн газраас санаачилсан хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын бусад гишүүд оролцож, гишүүд асуултад хариулна” хэмээн заасан.

Засгийн газрын гишүүдийн олонхийг УИХ-ын гишүүд бүрдүүлж байгаа. УИХ-ын дэгийн тухай хуулийн “УИХ-ын гишүүд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байнгын хороо, чуулганы хуралдааныг тасалж болохгүй” гэсэн заалтыг мөн Засгийн гишүүд зөрчиж байгаа юм. Мөн Үндсэн хуулийг өөрчлөхийг эсэргүүцэж байгаа бол эсхүл Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцэж байгаа тохиолдолд л УИХ-ын гишүүд байнгын хороо болон чуулганы хуралдааныг орхин гарах хуулийн заалттай. Гэтэл Засгийн газрын гишүүд сүүлийн үед УИХ-ын чуулганы хуралдааныг хэд хэдэн удаа орхин гарсан тул Үндсэн хуулийн цэцэд хандаж байна” гэлээ.

Үндсэн хуулиас дээрх гишүүдийн өргөдлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Засгийн газар огцрох үндэслэл болно гэдгийг мөн дурьдсан юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдлыг зогсоох, эвлэрүүлэх чиглэлээр гишүүд тодорхой алхам хийж байгаа эсэхийг сэтгүүлчид тодруулахад, “Хоёр талаас ажлын хэсэг гарган уулзалтууд зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хугацаанд гурван удаа уулзаж, бүлгийн хагарлыг зогсоох талаар ярилцсан” гэсэн хариулт өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here