Нүүр хуудас Улс төр Засгийн шинэхэн сайдууд тодорсоор

Засгийн шинэхэн сайдууд тодорсоор

103
0

 Сайд нараа хараахан тодруулаагүй байгаа, энэ засагт олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэгтэй, чадвартай хүмүүсээ томилж ажиллуулна гэсэн  мэдэгдлийн дараа  тэдний яриа хөөрөө өөрчлөгдөв үү эсвэл бөх хүн гэхээр л хоёр гараа өргөдөг монголчуудыг хүлээж авна гэж тооцов уу ямартай ч Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг томилуулах тохироо аль хэдийнэ хийчихсэн гэх мэдээлэл хэвлэл “чимэх” болов. Шадар сайд гэдэг бол улс орны галын шугамд байдаг албан тушаал. Бараг өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд хяналт тавьж, асуудлыг газар дээр шийдвэрлэдэгээрээ бусад сайдуудаас онцлогтой. Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдыг эзгүйд оролдог, гүйцэтгэх эрх мэдлээрээ хоёрдугаарт бичигддэг албан тушаал юм. Тиймдээ ч энэ албан тушаалын халааг өмнө нь сайдаар ажиллаж байсан эсвэл парламентад олон жил суусан улс төрч авдаг байв. У.Хүрэлсүхийн Засгийн газрын сураг чимээ сонсогдож эхлэх үед Шадар сайдад УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэр яригдаж байхад иргэд нэмэх оноо тавьж байв. Учир нь тэд УИХ-д хэдэнтээ сонгогдож, салбарын яамдыг удирдаж байсан туршлагатай улс төрчид. Гэтэл гэв гэнэт сураг ажиг өөрчлөгдөж,  Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын дундуур Д.Сумъяабазарын нэр цохиж орж ирсэн нь ажил төрлийн холбоотнуудын тохироо юу эсвэл ах дүүгийн явуулга уу. МАН-д хэд том фракц байдгийн нэг нь хотынх буюу М.Энхболдынх. Нийслэлд өөрсдийн төлөөлөл болох Ц.Сандуйгийнхаа оронд Д.Баярсайханыг зүтгүүлж байгаа тэд Засагт ч мөн томоохон байр суурь эзлэхээр тохироо хийсэн нь Д.Сумъяабазар гэх. УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон,  парламентад сонгогдохоос өмнө нийслэлийн МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны дарга зэрэг сонгуульт албан тушаалыг хашиж байсан гэдэг утгаараа түүнд шагнал болгон өгч буй энэ албан тушаалд давхар Ч.Улаан яригдаж байгаа ч тохироо аль хэдийнэ хийчихсэн, У.Хүрэлсүх хүлээн зөвшөөрчихсөн гэнэ. Тэгээд ч Д.Сумъяабазар мэргэжлийн гэх Засгийн газрыг огцруулах нь зөв хэмээн гарын үсэг зурсан 31 гишүүний нэг. Тиймээс өөрийг нь Ерөнхий сайд хүртэл нь дээшлүүлсэн явдалд түүний гавьяа багагүй байгаа тул татгалзах зүйл байгаагүй биз. Нөгөө талаар Д.Сумъяабазарт Шадар сайдын албан тушаалыг бат араанд хийсэн хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулга цаашлаад түүний бие төлөөлөгч Д.Дагвадорж байж ч мэднэ. У.Хүрэлсүхийг хэзээний Х.Баттулгатай ойр хэмээн хэвлэлээр шуугисаар байгаа. “Х.Баттулга Ерөнхийлөгч болонгуутаа Ерөнхий сайдаар өөр хүнээ томиллоо” хэмээх яриа ч үүнээс үүдэлтэй. Х.Баттулгын итгэлт нөхдүүдийн нэг нь  Д.Сумъяабазарын төрсөн дүү Д.Дагвадорж. Д.Дагвадорж улс төрийн эгзэгтэй цаг мөчийг алдахгүй ашиглаж, ахыгаа сайд руу тэр дундаа Шадар сайд руу зүтгэх замыг засч, Ерөнхийлөгчөөр хүртэл дэмжүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй. Ямартай ч шинэ Засгийн шинэхэн сайдуудын нэрс эхнээсээ тодорч Монгол Улсын Шадар сайдад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, ЗГХЭГ-ын даргад УИХ-ын гишүүн Г.Занданшатар, БСШУС-ын сайдад УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийн нэр тодорхой болсон байна. Харин цааш ямар тохиролцоогоор хэн тодрох нь сонирхол татсаар байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here