Нүүр хуудас Улс төр Манай улсад Британийн парламентын төлөөлөгчид айлчилж байна

Манай улсад Британийн парламентын төлөөлөгчид айлчилж байна

118
0

УИХ-ын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Жон Гроган, Уэйн Дэвид нар оролцлоо.

УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улс Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгааг үгийнхээ эхэнд тэмдэглэв.

Тэрбээр хоёр орны парламент, улс төрийн намууд, худалдаа бизнесийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж буй Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга, ноён Жон Гроганд тусгайлан талархал илэрхийллээ.

“Хоёр орны харилцаанд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал. Тэр тусмаа олон зууны түүхтэй, Европын хамгийн нэр хүндтэй томоохон хууль тогтоох байгууллагын нэг болох Британийн парламентын туулсан замнал, хуримтлуулсан туршлага, өв соёлоос бидэнд суралцах зүйл их бий. Энэ хүрээнд парламентын бүлгүүд, гишүүд, түүний дотор залуу парламентчдыг уулзуулж, нөхөрлөлийг бэхжүүлэх, бие биенээс суралцах, туршлага солилцох нь чухал нөлөөтэй гэж бодож байна.

Манай УИХ дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн даргаар Англид боловсрол эзэмшсэн, Ерөнхий сайдаар ажиллаж байсан, туршлагатай парламентч С.Батболд ажилладаг бол Дэд даргаар нь манай хамгийн залуу, ирээдүйтэй улстөрчийн нэг Н.Учрал ажилладаг. Тиймээс хоёр орны парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагаа цаашид илүү идэвхтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Тамгын газар, хэлтэс, албад болон номын сан, архив, судалгааны нэгж, ажилтнуудын хооронд хууль боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, сурталчлах ажлын туршлага солилцох боломжийг бүрдүүлэх нь зөв гэж бид үздэг” гэж УИХ-ын дарга М.Энхболд хэллээ.

Тэрбээр хоёр орны хооронд соёл, боловсрол, батлан хамгаалах гээд бусад салбарын хамтын ажиллагаа ч сайн хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа монгол цэргүүдийн хэлний мэдлэгийг дээшлүүлж, Монголын түүх, соёлыг Их Британид сурталчилж, залуусыг бакалаврын болон магистрийн сургалтад хамруулж байгааг онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлж, боломжоо бүрэн ашиглах нь чухлыг онцлон тэмдэглээд, ноён Ж.Гроган Британи, Монголын худалдааны танхимын тэргүүний хувьд энэ чиглэлээр зүтгэл чармайлттай ажиллаж, Британийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол руу татахад чухал үүрэг гүйцэтгэж буйд талархал илэрхийлэв.

Тэрбээр 2016 оны 10-р сард ИБУИНВУ-ын Нийтийн танхимын дарга Жон Берковт Монголд айлчлахыг хүссэн урилга илгээснээ дахин нотоллоо.

Ноён Ж.Гроган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, цас орсны улмаас онгоц саатаж, төлөөлөгчдийн зарим нь Оюутолгойгоос буцаж ирж чадаагүй байгааг хэлж төлөөлөгчдийн тэргүүн, Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Лимпнигийн эрхэмсэг ноён Лорд Ховардын нэрийн өмнөөс хүлцэл өчив.

Тэрбээр “Миний бие 20 жилийн өмнө Британийн парламентын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан Монголд ирж байлаа. Манай хоёр парламентын хооронд төлөөлөгчдийн албан ёсны айлчлал 3 удаа л болсон юм. Өнгөрсөн жил УИХ-ын гишүүн Р.Амаржаргал тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилсан” гэж онцоллоо.

Мөн соёлын харилцаа идэвхжиж, олон улсын дуурийн дуулаачдын Кардиффын уралдаанд монгол дуучин маш амжилттай оролцсон нь бидний бахархлыг төрүүлж байлаа. Түүнчлэн бид Оюутолгойн уурхайд зочлох үеэрээ хоёр зүйлийг нүдээр үзэж бахадлаа. Нэгдүгээрт, Оюутолгойн уурхай бол үнэхээр асар том, нүсэр далайц бүхий бүтээн байгуулалт юм байна. Хоёрдугаарт, монголчууд өндөр мэргэжил, мэргэшил шаардсан ажилд огт түүртэхгүйгээр дэлхийн хэмжээний шилдэг мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа нь сайхан санагдлаа гэв.

Ноён Ж.Гроган Чингисийн удмын монгол цэргүүд өндөр ур чадвар, өргөн мэдлэгтэй, авхаалж самбаа, тэсвэр хатуужил сайтай байдаг тул манай цэргүүд хамтран ажиллахдаа баяртай байдаг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монголын эдийн засаг, хөгжил дэвшилд том хувь нэмэр оруулна гэдэгт огт эргэлздэггүй. Хөрөнгийн биржийг Монгол Улсад хөгжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа үр дүнд хүрнэ гэдэгт найдаж байна. Түүнчлэн Ази тивдээ үлгэр жишээ болсон Монголын ардчилсан өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоог бид ямагт талархан дэмжсээр байх болно гэлээ.

Уулзалтад УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дэд дарга Н.Учрал, ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн Иан Кокс зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Дараа нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Британийн парламент дахь Британи-Монголын бүлгийн дарга, Британийн Хөдөлмөрийн намын гишүүн Жон Гроган тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Уулзалтад УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Мурат, Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн, Хөдөлмөрийн намын гишүүн Уэйн Дэвид нар байлцлаа.

Талууд хоёр орны улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, спортын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл, санал солилцов.

Түүнчлэн хоёр орны парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа Ардчилсан нам, Хөдөлмөрийн намын хамтын ажиллагааны талаар ярилцсан.

Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Олон талын хамтын ажиллагааны ирээдүйн төлөвийн талаар ярилцаж байгаа нь бидний хувьд тун чухал юм” хэмээн тэмдэглэв.

Мөн “Бидэнд танай улсаас нийгэм, эдийн засгийн чиглэлээр суралцах маш олон үнэ цэнэтэй зүйл бий. Ялангуяа агаарын бохирдолттой тэмцэхэд ямар менежмент хэрэглэж үр дүнд хүрсэн талаар та бүхнээс суралцах шаардлагатай байна” гээд улс төрийн намуудын хамтын ажиллагаа олон чиглэлээр хөгжиж, ирээдүйд үр дүнгээ өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монголын улс төрийн намууд болон сонгуулийн тогтолцооны талаар товч мэдээлэл өгөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here