Нүүр хуудас Улс төр Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг бүрэн эрх нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг.

Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг бүрэн эрх нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг.

594
0

Монгол улс 1992 онд баталсан ардчилсан шинэ Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгосон, 20 гаруй жил өнгөрч байна. Энэ хугацаанд сайн саараараа дуудуулсан дөрвөн Ерөнхийлөгчийн “нүүрийг үзлээ.  Манай орны хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг албан тушаалыг  харьцангуй  “залуу” хэмээн тодотгож болно.

Монгол Улс Парламентын Бүгд найрамдах засаглалтай учраас төрийн тэргүүн гүйцэтгэх эрх мэдэлгүй, ерөнхийдөө хязгаарлагдмал эрхтэй гэдэг нь үнэн. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх мэдэл нилээд бодит эрх мэдэлтэй байдаг. Тиймээс ч гадаадын зарим судлаачид Монгол улс парламент, ерөнхийлөгчийн холимог засаглалтай хэмээн үздэг байна.

Сонгууль болоход Ерөнхийлөгчийн  нас хүйс, гарал үүсэл, эхнэр хүүхэд, цус  гэхчлэн хувь хүн талаас нь шүүж улстөрждөг болохоос биш харин Ерөнхийлөгчийн институт гэдэг том орон зайн талаар тун бага ярьдаг. Ерөнхийлөгчийн институт төрийн байгуулалтад  ямар үүрэгтэй, ямар  эрх мэдэл, байр суурь эзлэх ёстой гэхчлэн ярих асуудал их бий. Холын хөршүүд маань монголчуудыг “холимог засаглалтай” хэмээн эндүүрэх шалтгаан чухам эндээс эхэлдэг байж таарна.

Бид тав дахь Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрөөс илүүтэй иргэдийн зээлийг чөлөөлж, өргүй болгох  намынх нь нөхдийн дайж даалгасан популист даалгавар  л олон хүний ой тоонд итгэл найдварын хүлээлт үүсгээд байх шиг. Үүнийг цахим орчны жиргээнээс анзаарахад тийм ч төвөгтэй биш байна. Ерөнхийлөгчид үнэхээр ийм өр тэглэх эрх мэдэл бий юу, үүнийг улсын эдийн засаг, тэр дундаа арилжааны банкууд даах уу гэдэг нь өөрөө асуудал. Энэ мэт санаатай санамсаргүй босч ирсэн асуудал дундаас л бид Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хүрээ хязгаар, боломж бололцоог нь тодруулан харах шаардлагатай болно. Эс тэгвээс хойш хойшдын сонгуулиуд бүх шатандаа зөвхөн хэн сайхан амална, тэр төрийн эрх мэдэлд гардаг хүсээгүй жишгийг тогтоож мэдэх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч эдүгээ хууль тогтоомжоороо нэг талаасаа эрх мэдэлгүй ч юм шиг, нөгөө талаасаа бас эрх мэдэл ихтэй ч юм шиг ингэж  сөөлжиж харагддад байгаа нь хуулийн зохицуулалттай холбоотой. Үндсэн хуулийн өөрчлөлтийн нэг чиглэл нь энэ засаглалын тэнцвэр зааг ялгааг тодотгох тухай байгаа.

Одоо хүчин төгөлдөр хуулиараа Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй вэ гэдгийг тодруулан харъя.

Монгол улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлд  “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэн заалт бий. Энэ бол гол мөн чанар.  Гэхдээ үүнээс гадна Монгол улсын ерөнхийлөгч дараах бодит болон бэлэг тэмдэгийн эрх мэдэл эдэлдэг. Үүнд:

  1. Монгол улсын Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу хэсэгчлэн хориг тавих эрэхтэй. Энэ бол ерөнхийлөгчийн нэг бодит эрх мэдэл юм.
  2. Хууль санаачлах

3. Сонгуульд ялалт байгуулсан нам хүчин, эвсэлтэй зөвшилцөн ерөнхий сайдыг томилно. Энэ бол ерөнхийлөгчийн бэлэгдлийн эрх мэдлийн нэг юм.

4. Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгнө.

5. Гадаад улс орнуудад Монгол улсаа бүрэн эрхтэйгээр төлөөлнө. Мөн УИХ-тай зөвшилцөн Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

6 . Монгол улсаас гадаад улсуудад суух элчин сайд нарыг томилох, эргүүлэн татах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг УИХ-тай зөвшилцөх ёстой байдаг.

7. Монгол улсад суух гадаадын элчин сайд нарын итгэмжлэх жуух бичгийг хүлээн авна.

8. Улсын цол хэргэм, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах эрхтэй.

9. Уучлал үзүүлэх

10. Монгол улсын харьяат болгох, харьяатаас гаргах, Монгол улсад орогнох эрхийг олгоно.

11. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлнэ.

12. Бүх нийтийн болон хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах эрхтэй

13. Улсын нутаг нийт дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, мөн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй. Гэхдээ Онц буюу дайны байдал зарласан ерөнхийлөгчийн зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ хэлэлцэж цуцлах эсвэл батална.

14. Ерөнхийлөгч улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна

15. Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд өөрийн тааллаараа оролцох эрхтэй

Эдгээрээс харахад  Монгол улсын Ерөнхийлөгчийн эрх үүрэг бүрэн эрх нь УИХ-тай ихээхэн хамааралтай байдаг бөгөөд хуулиар бол УИХ-д ажлаа хариуцан тайлагнадаг юм. Түүнчлэн ерөнхийлөгчийг огцруулах эрх нь УИХ-д хадгалагдаж байдаг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here