Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо

Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томиллоо

233
0

Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд нэр дэвшигчийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад эрүүл мэндийн шалтгааны улмаас өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Энэ үндсэн дээр Төрийн аудитын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитороор Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлж байгаагаа Улсын Их Хурлын дарга дурдаад нэр дэвшигчийн товч намтрыг гишүүдэд танилцуулсан юм.

Нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн, барилгын инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй, Удирдлагын арга зүй, зохион байгуулалтын магистр зэрэгтэй. 1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд мөн аймгийн Засаг даргын Тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд Ажлын хувцасны үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын дарга, захирлаар, 2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 оноос Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус ажиллаж байжээ.

Харин 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын болон Эрчим хүчний сайдын орон тооны бус зөвлөх, Эрчим хүчний зохицуулах хорооны орон тооны бус зохицуулагч, улмаар Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Харин Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшигчийг томилох асуудлыг хэлэлцсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Тус байнгын хороо энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхий аудиторт нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар нэр дэвшигчийг дэмжсэн байна.

Нэр дэвшигчийн талаархи танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар, Л.Оюун-Эрдэнэ, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Н.Оюунчимэг, Я.Санжмятав, Н.Цэрэнбат, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулан үг хэлсэн юм. Үг хэлсэн гишүүд нэр дэвшигч Д.Хүрэлбаатар нь төрийн ажлын туршлагатай, мэргэшсэн нягтлан бодогчийн хувьд идэвхи санаачилгатай, шударга, зарчимчаар ажиллана гэдэгт итгэж дэмжиж буйгаа илэрхийлээд өнгөрсөн 4 жилд төсвийн сахилга бат алдагдсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсантай холбоотойгоор гарсан аудитын дүгнэлтүүдийг олон нийтэд нээлттэй гаргаж тавихын зэрэгцээ хөрөнгө мөнгө завшсан, үргүй зарцуулсан, норм нормативыг зөрчсөн үйлдлүүдэд тухай бүрт нь хариуцлага тооцдог байх, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн төсөв санхүүгийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах, төрийн аудитын байгууллага нь зөвхөн зөвлөмж гаргаад орхих биш гаргасан дүгнэлтийнхээ мөрөөр ажиллаж, илэрсэн алдаа дутагдлыг засуулж дахин гаргуулахгүй байх үүднээс гүйцэтгэлийн аудитад онцгой анхаарах, төрийн байгууллагуудын дотоод аудитыг сайжруулахад анхаарч мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлдэг байхад анхаарахыг нэр дэвшигчид хандан захиж, зоримог шийдэмгий, зарчимч, хараат бусаар ажиллахыг сануулж байв.

Ингээд санал хураалт явуулан А.Зангадыг хүсэлтийн нь дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.1 хувийн саналаар Д.Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here