Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

116
0

Улсын Их Хурлын Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод өнөөдөр /2016.12.21/ 14 цаг 32 минутаас 61.8 хувийн ирцтэйгээр хамтран хуралдаж, Монгол Улсын Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж танилцуулсан юм.

Ажлын хэсэг хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцдаа төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед гишүүдээс гаргасан саналыг судалж нягтлан хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 38, уг хуулийн төслийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдинй талаар зарчмын зөрүүтэй 2 саналын томьёолол бэлтгэсэн байна.

Ингээд ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Т.Аюурсайхан нар асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Пүрэвдорж, Д.Цогтбаатар, Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан, Ц.Цогзолмаа, Г.Занданшатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжлээ.

Тухайлбал, ажлын хэсгийн саналаар хуулийн төслийн 3.1.3 дахь заалтыг “гэрээт хилчин” гэж хугацаат цэргийн алба хаасны дараа сайн дурын үндсэн дээр гэрээгээр цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг, төслийн 3.1.17 дахь заалтыг “хилчин” гэж хилийн цэрэгт алба хааж байгаа цэргийн жинхэнэ алба хаагчийг гэж тус тус өөрчлөн найруулахаар болов. Мөн төслийн 3 дугаар зүйлд “хил орчмын нутаг дэвсгэр гэж хил залгаа улстай хиллэж байгаа сумын нутаг дэвсгэрийг” гэсэн агуулгатай 3.2.14 дэх заалт нэмэх, төслийн 17 дугаар зүйлд хилийн хяналтын байгууллага улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд хяналт тавих дарааллыг зааж өгөхөөр болов. Үүнд: улсын хилээр гарах хөдөлгөөний чиглэлд мэргэжлийн хяналтын, гаалийн, улсын хил хамгаалах, улсын хилээр орох хөдөлгөөний чиглэлд улсын хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын, мэргэжлийн хяналтын, гаалийн байгууллагууд хяналт тавих, түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь улсын хил хамгаалах байгууллагын шалгалтаар илэрсэн гадаадын иргэний виз, бүртгэлийн зөрчлийг шийдвэрлэж байхаар зохицуулав.

Түүнчлэн улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч, тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн санг ашиглах, мэдээлэл харилцан солилцох журмыг улсын хил хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах, харин хилийн зурвас, боомт, бүсэд нэвтрэх, зөвшөөрөл олгох, хяналт тавих журмыг улсын хил хамгаалах байгууллагын дарга баталж байх, хилийн боомтод үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын ажилтанд нэг жилийн хугацаатайгаар хилийн боомтод нэвтрэх зөвшөөрөл олгох бөгөөд хилийн боомтын журам зөрчсөн тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгохоор ажлын хэсгээс гаргасан саналыг гишүүд дэмжлээ.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад өмнөх хуульд байсан хилийн бүсийн тухай заалтыг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгалгүй орхигдуулсанд нэлээд гишүүн шүүмжлэлтэй хандаж байсан юм. Иймээс ажлын хэсэг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн 30 дугаар зүйлийн холбогдох заалтыг өөрчлөн найруулж “Хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн бүс гэх бөгөөд түүний өргөнийг улсын хил хамгаалах байгууллага тухайн нэгжийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр улсын хилийн шугамаас 100 км-ээс илүүгүйгээр тогтооно” гэж зохицуулах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Харин УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Б.Дэлгэрсайхан нар хилийн бүсийн өргөн нь “хилийн шугамаас 100 км-ээс илүүгүй байна” гэдгийг “100 км хүртэл” гэж өөрчлөн найруулах зарчмын зөрүүтэй санал гаргаснаа хэлэлцүүлгийн явцад татаж авсан юм.

Мөн хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 18 саналын томьёолол бичгээр гаргаж санал хураалгуулснаас нэгээс бусад нь гишүүдийн олонхийн дэмжлэг авсан юм. Ингээд Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас гаргасан санал, дүгнэлт, хуулийн төслийн талаархи зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here