Нүүр хуудас Улс төр Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай

194
0

УИХ-ын 2016 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2016.12.23/ үдээс өмнөх хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 ирцтэйгээр эхлэв. Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас 2016 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцсэн юм.

Өчигдрийн /2016.12.22/ чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуулийн 4.6-д заасны дагуу Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг шалгалтын 200 хуудас материал болон Хөгжлийн банкны зээлийн эрсдлийн чанарын тайлантай холбоотойгоор тав хоногийн завсарлага авах санал гаргасан. Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж, УИХ дахь АН-ын бүлгийг үүсээд буй нөхцөл байдлыг тооцож үзээд завсарлагын хугацааг наашлуулахыг хүссэн учир тэд асуудлыг судлаж үзээд өнөөдөр хэлэлцэхээр болсон байв. Уг асуудлыг хаалттай хэлэлцэх эсэхэд горимын санал гаргахад гишүүдийн олонхи нь нээлттэй хийх нь зүйтэй гэж үзлээ. Чуулганы хуралдаанд Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг оролцсон юм.

Төсөл санаачлагчийн танилцуулга болон байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, Ш.Раднаасэд, Ц.Цогзолмаа, Л.Болд, Б.Энх-Амгалан, Н.Учрал, Ц.Гарамжав, З.Нарантуяа. Б.Баттөмөр, Я.Содбаатар нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүдийн хувьд Хөгжлийн банк улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудлыг хэрхэн шийдэх, төсөл хэрэгжүүлээгүй атлаа мөнгөө авсан компаниудын асуудалд эзэн байгаа эсэх, хариуцлага тооцох уу гэдгийг илүүтэй тодруулж байлаа. Тухайлбал, Говь-Алтай аймагт 100 км авто зам барихаар 31 тэрбум төгрөг төсөвлүүлээд нэг ч км зам бариагүй зэрэг замбараагүй олгосон зарим төслийн талаар жишээ баримт дурдан ярьж байлаа. Мөн Хөгжлийн банкны шинэ удирдлага цаашдаа хүндрэлтэй байдлаас хэрхэн  гарах, ямар  арга хэмжээ авах талаар нь тодруулж байв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хөгжлийн банкны удирдлагад өр авлагын алдагдлыг бууруулах чиглэл өгсөн. Гэтэл тэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр улсын төсвөөс санхүүжүүлсэн төслүүдийн өр авлагыг барагдуулахад хүнд байгааг хэлсэн. Хөгжлийн банкнаас олгосон 5.9 их наяд төгрөгийн зээлийн багцын 54.5 хувь буюу 3.2 их наяд төгрөгийг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлд олгосон бөгөөд үүнтэй холбогдон Засгийн газар, Хөгжлийн банк хооронд хүү, үндсэн төлбөр, ханшийн зөрүүний өр авлагын тооцоо үүссэн. Иймд Засгийн газрын зүгээс улсын төсвөөс санхүүжүүлсэн болон Хөгжлийн банкны санхүүжилж чадах төслүүдээ хувааж авах шаардлага гарсан. Ингэснээр Хөгжлийн банкны бие даан ажиллах чадварыг хангаж өгнө. Энэ ч утгаар тогтоолд хугацаа зааж өр авлагын алдагдлыг хаахаар болсон. Хаана гэдэг нь өр авлагаа авахгүй гэсэн үг биш. Хариуцлагын асуудлыг ч орхигдуулахгүй. Нөгөөтэйгүүр, улсын төсөв, Засгийн газар батлагаа гаргаад зээлийн асуудлыг шийдсэн нь Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийн байдлыг хүндрүүлсэн. Тиймээс хүнд байдлаас гаргахын тулд Хөгжлийн банкинд дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэж хариулж байлаа.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр, Банк байгууллагдсанаас хойших хугацаанд олгосон нийт зээлийн 7.8 хувь нь эргэн төлөгдсөн бол 92.2 хувь нь төлөгдөөгүй байгаа. Үүн дотроос улсын төсвөөс санжүүжүүлсэн төслүүдийн 3.2 их наяд төгрөгийн өр авлагын асуудалд хүнд байгаа. Үүнээс гадна тусгай 16 том төслийн асуудал бий. Үүний дийлэнх нь Засгийн газрын батлагаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудтай холбоотой. Хөгжлийн банкнаас энэ асуудалд тодорхой ажлын хэсэг гаргаж ажиллуулахаар болсон. Энэ жилийн хувьд эргэн төлөгдөх өр авлагын хэмжээ бага байгаа. Найдваргүй зээлийн асуудал байгааг нь хууль хяналтын байгууллагаруу шилжүүлж хариуцлага тооцно.
2017 оноос эхлэн эргэн төлөгдөх нөхцөлтэй төслийг санхүүжүүлэх судлагааг хийсний дараа эх үүсвэрийг нь санхүүжүүлэх байгууллагуудтай гэрээ хийнэ. Эх үүсвэрийн хувьд 15 хувийг дотооддоос, 85 хувийг нь гадаадын байгууллага гэж тооцон ажиллаж байгаа гэж хариулсан юм.

Үүний дараа уг тогтоолын төслийг дэмжсэн эс дэмжсэн талаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Д.Лүндээжанцан, Х.Баделхан, З.Нарантуяа нар санал хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Тогтоолын төслийг дэмжиж байгаа. Гэхдээ Хөгжлийн банкаас зээл авсан бүх төсөл, компаниудын мөнгөн хэмжээ, зээлээ эргэн төлсөн нөхцөл байдлыг олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Тогтоолын төсөлд туссан нэг их наяд төгрөгөөр Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхийг дэмжиж байна” гэсэн бол УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Нэг их наяд биш 500 сая төгрөгөөр нэмэх ёстой” гэж байсан юм.

Ингээд “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэхийг УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 69.4 хувь нь дэмжив гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here