УИХ-ын чуулганаар агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулж, яндангийн шүүлтүүр тавих төсвийг хаслаа.
Тодруулбал Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж агаар, орчны бохирдлыг бууруулахаар төсөвлөсөн санхүүжилтийг 80 тэрбум төгрөгөөр, сангийн сайдын төсвийн багцад туссан гадаад зээлийн ашиглалт, санхүүжих зардлыг 122 сая төгрөгөөр, боловсролын зээлийн санд төсөвлөсөн санхүүжилтийг 42 тэрбум төгрөгөөр бууруулахаар шийдвэрлэсэн юм.
Улмаар уг шийдвэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, гэр хорооллын айлын янданд шүүлтүүр тавих төсвийг хаслаа. Ийнхүү иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байсан янданд индукцийн төхөөрөмж суурилуулах ажил цуцлагдаж байна.
Төсвийн байнгын хороо индукцийн төхөөрөмж нь туршигдаагүй, цөөн тооны айлд хэрэглүүлсэн ч зуухны таталт эрс муудсан гэх шүүмжлэлийн дагуу төсвийн зардлыг хасах шийдвэр гаргасан юм.
Үүнээс гадна индукцийн төхөөрөмжийг үнэгүй тараасан ч айл бүрийн тогны мөнгөн дээр 20 мянган төгрөг нэмэгдэж, нийслэлчүүдийн эрчим хүчний хэрэглээ ихэссэнээр нийтээр тог унтрах эрсдэл үүсэх магадлалтай гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэлжээ.
Харин үүний оронд сайжруулсан түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй үнээр халаагуур олгох, эрчим хүчний шөнийн тарифыг тэглэх зэрэг ажлыг танасан төсөвтөө багтаан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.
Сануулбал, ирэх оны төсөвт утааны эсрэг зарцуулахаар 154 тэрбум төгрөг суулгасны 54 тэрбум төгрөгөөр 100 мянган айлын янданд индукцийн төхөөрөмж суурилуулна гэж албаныхан мэдэгдсэн.
Уг төхөөрөмж нь бага зардлаар утааг бууруулах зөв шийдэл гээд “индукцийн төхөөрөмж утааг 50 хувь бууруулахгүй бол би хариуцлага хүлээнэ” БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат хэлжээ.
Ямартай ч яригдаж эхэлсэн цагаасаа л асар их шүүмжлэлийг хүртэж байсан яндангийн шүүлтүүр ажиллагаа зогслоо.