Нүүр хуудас Улс төр Сайд С.Чинзориг: ЖДҮД зээлийг банкаар дамжуулан олгох нь зөв

Сайд С.Чинзориг: ЖДҮД зээлийг банкаар дамжуулан олгох нь зөв

61
0
Chinzorig
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд С.Чинзориг

ЖДҮДС-аас Засгийн газар болон УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээл авсан нь ил болоод байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор жилийн гурван хувийн хүүтэй олгодог уг зээлийг улстөрчдийн томоохон компаниуд авсан байгаа учраас нийслэлийн Прокурорын газраас зээл авсан албан тушаалтнуудад хэрэг үүсгэн шалгахаар болсон. ЖДҮДС-аас олгодог зээлийн талаар ХНХ-ын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

-ЖДҮД зээлийг нэг сайдад шилжүүлсэн нь нэг хүнээс хараат болгож, зорилтод хүмүүс нь авах боломжгүй болгосон гэж зарим хүн үзэж байна. Тэгэхээр ЖДҮД зээлийг хэрхэн яаж олговол улстөрчид оролцохгүй байх боломжтой вэ?

-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийг банкаар дамжуулах ёстой банкаар дамжуулахгүй бол эргэн төлөлт дээр асуудал үүснэ. Мөн орон нутагт нь эрхийг нь шилжүүлэх ёстой. Улсын хэмжээнд орон нутагт 50 тэрбум төгрөг ЖДҮДС-нд шилжүүлж байгаа бол ирэх онд тухайн аймагт тэдэнд төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гээд аймгийн удирдлагууд нь орон нутагтаа хэрэгтэй байгаа ЖДҮ-ийнхээ төслийг зарлаад сонгон шалгаруулаад явна. Одоо бол хүсэлт гаргасан хүн бүрт жижиг зээлээ олгож байгаа. Энэ буруу. Монгол Улсын хэмжээгээр байгалийн баялаг, түүхий эдийн нөөц, боловсон хүчнийх нь нөөцөөс нь хамаараад бүс нутгуудад ямар чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжих вэ гэдэг бодлогоо гарах ёстой. Үйлдвэржилтийнхээ бодлоготой уяалдуулахгүйгээр хүсэлт гаргасан хүн бүрд зээл өгөөд байна.

-ЖДҮД зээлийг гишүүдийн хамаарал бүхий компаниуд авсан нь ил болж байна. Таны хувьд энэ үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Орон нутагт эх үүсвэрийг нь шилжүүлээд банкаар олгох ёстой. ЖДҮДС дээрээ сонгон шалгаруулалт хийж байгаа учраас ямар нэгэн улстөрч, эрх мэдэлтний нөлөө ороод байна гэдэг хардлага бий болоод байна. Үүнээс гарахын тулд заавал ЖДҮДС дээр нь сонгон шалгаруулахгүй орон нутагт нь шилжүүлэх хэрэгтэй.

-Ирэх оны төсвийн эцсийн хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хийнэ. Хэлэлцүүлгийн явцад хэд хэдэн зардлыг танасан. Нийгмийн хамгааллын зардлыг танасан уу?

-Нийгмийн хамгааллын зардлыг танаагүй. Ирэх жилийн төсвийн нэг онцлог нь эдийн засгийн өсөлттэй байгаа учраас төсөв санхүүгийн боломж гарч байна. Эдийн засгийн өсөлт, төсөв санхүүгийн боломжийг иргэд рүүгээ чиглүүлье, иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлэхэд төсвөө чиглүүлэх зарчимтай байгаа.

-Хүүхдийн мөнгөнөөс 27 тэрбум төгрөг хасагдсан байна. Тэгэхээр хүссэн хүүхэд бүрд хүүхдийн мөнгө олгохгүй гэсэн үг үү?

-Хүүхдүүдийнхээ 80 хувьд хүүхдийн мөнгө олгох тогтоолыг УИХ-аас баталсан. Энэ чиглэлийн дагуу л ирэх жилийн төсөв дээр 218 тэрбум төгрөг төсөвлөөд нийт хүүхдийнхээ 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно. Хэрвээ бүх хүүхдэдээ хүүхдийн мөнгө олговол 218 тэрбум дээрээ нэмж 27 тэрбум төгрөг шаардлагатай талаар л ярьсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here