Нүүр хуудас Улс төр Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх хөтөлбөр батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

159
0

Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын нэр бүхий 27 гишүүнээс 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн, Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн танилцуулсан юм.

Статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь статистикийн дунд хугацааны үйл ажиллагааны зорилтыг тодорхойлсон бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаа, үзүүлэлтүүдийг олон улсын стандартад нийцүүлэх, зорилго, зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа тодорхойлж, түүнд хүрэх арга зам, шаардагдах хөрөнгө, хүн хүчний нөөцийг нарийвчлан тооцсон дэс дараатай хэрэгжүүлэх тулгуур бичиг баримт ажээ. Уг хөтөлбөр нь 7 бүлгээс бүрдсэн бөгөөд статистикийн салбарыг хөгжүүлэх 6 зорилго, түүнийг хэрэгжүүлэх статистикийн үйл ажиллагааны 25 зорилт, 155 арга хэмжээг хамарсан байна. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаархи Эдийн засгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хөрөнгийн эх үүсвэрийг хэрхэн шийдэж байгаа болон хөтөлбөр хэзээнээс хэрэгжихийг тодруулав. Тогтоолын төслийг санаачлагч Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, “Үндэсний статистикийн тухай хуульд заасны дагуу уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм. Хөтөлбөр хэрэгжүүлэх тогтоол нь хоцорч батлагдах гэж байгаа боловч статистикийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр нь 2016 оноос хэрэгжээд эхэлсэн. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 46.3 тэрбум төгрөгийн 35.8 тэрбумыг улсын төсөвт суулгаад үлдсэн хөрөнгийг дотоод, гадаадын эх үүсвэрээс гаргахаар тооцсон гэж хариулав.

Монгол Улсын Сатистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ. Иймд УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here