Нүүр хуудас Улс төр С.Эрдэнэ: Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол иргэдээ өрийн дарамтаас гаргаж чадна гэдэгт итгэж байна.

С.Эрдэнэ: Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол иргэдээ өрийн дарамтаас гаргаж чадна гэдэгт итгэж байна.

202
0

Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулгад Монгол Улсын иргэнийг нэг удаа өрийн дарамтаас гаргах хүсэлтийг хүргүүлсэн байна. АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Эрх барьж байгаа МАН-ын 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн 1.6-д ард түмнийг өрийн дарамтаас гаргах, өрийн бодлогыг цэгцлэх гэж тусгасан байгаа. Эрх аваад жилийн хугацаа өнгөрлөө. Гэсэн өнөөдрийг хүртэл бодитой алхам хийсэнгүй. Тиймээс бид сөрөг хүчний хувьд, нийгэм эдийн засгийн хүрээнд асуудлыг шийдэх эрх бүхий байгууллага, улс төрийн хүчний хувьд нэр дэвшигч Х.Баттулгад Монгол хүн бүрийг нэг удаа өргүй болгох тухай хүсэлт хүргүүлж байна” гэлээ.

Тус хүсэлтэд “Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт 943668 иргэн /давхардсан тоогоор/ таван их наяд 845 тэрбум төгрөгийн зээлтэй. Үүнээс 277192 төрийн албан хаагчид нэг их наяд 776 тэрбум төгрөгийн цалингийн, 228839 ахмадууд 642,6 тэрбум төгрөгийн тэтгэврийн, 502 оюутан 130,2 тэрбум төгрөгийн оюутны сургалтын, 285595 малчид 283,6 тэрбум төгрөгийн малчнй зээлийн өртэй байна. Эдгээр зээлийн барьцаанд Монгол Улсад тоологдсон 60 сая гаруй толгой мал болон орон сууц, хашаа байшин, эд хогшил, унаа тэрэг бүхэлдээ банкны барьцаанд барьцаалагдаж, эдийн засгийн хувьд эзэд нь захиран зарцуулах эрхгүй, барьцаалагчийн хараат болсныг бодит тоо баримт нотолж байна. Иймд та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах тохиолдолд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд дор дурдсан арг хэмжээг шуурхай, тууштай авч хэрэгжүүлэхийг АН-ын зүгээс таньд санал болгон даалгаж байна” гэжээ. Үүнд,

-Тэтгэвэр цалин, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлтэй нийт иргэдийнхээ одоо байгаа зээлийн өрийн үлдэгдлийг байгалийн баялгаас /зөвхөн Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн хувьцааны хоёр жилийн ногдол ашгаас төлөхөд хүрэлцэх тооцоо бий/ иргэдэд хүртээх өгөөж болон иргэдэд эзэмшүүлэх хувьцааны ногдол ашгаар төлүүлэх,

-Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл төрийн хамгаалалтад байна” гэж заасныг иргэн бүрт өгөөжтэй хэлбэрээр хэрэгжүүлэх, стратегийн ач холбогдол бүхий орд газруудын үр өгөөжөөс иргэдэд шууд хүртээх буюу уул уурхайн салбарын томоохон компаниудын төрийн мэдлийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж, хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилж, орлогын тогтвортой эх үүсвэртэй болгох” гэжээ.

Нэр дэвшигч Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдвол шуурхай арга хэмжээ авч ажиллан, дээрх хүсэлтийг хэрэгжүүлж иргэдээ өрийн дарамтаас гаргаж чадна гэдэгт итгэж байгаагаа намын дарга С.Эрдэнэ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here