Нүүр хуудас Улс төр Улс тунхагласны ойг тохиолдуулан их хурлын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Улс тунхагласны ойг тохиолдуулан их хурлын дарга мэндчилгээ дэвшүүллээ

151
0
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа зарлан тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан Монголын нийт ард түмэндээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

1924 оны 11 дүгээр сарын 26-нд Улсын анхдугаар их хурал хуралдаж, анхны Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан нь Монгол орны хувьд улс төр, нийгмийн хөгжлийн үсрэнгүй том дэвшил, Монголын түүхэнд тодоор тэмдэглэгдэх чухал үйл явдал болсон билээ.

Өөрөөр хэлбэл Монгол Улсын үндэсний тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх цоо шинэ алхам энэ байлаа.

Анхдугаар Үндсэн хуульдаа Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлаж, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрх зүйн чухал зарчмуудыг тусган, Ази тивд анх удаа сонгох, сонгогдох эрхийг хуульчлан, өрнө дорно дахинд эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийн адил тэгш эрхийг анх олгосон нь Монголд төдийгүй олон улсын улс төрийн амьдралд ч нэн чухал шийдвэр, нийгмийг ардчилах үйлсэд оруулсан шинэ хувь нэмэр болсон түүхтэй.

Анхдугаар Үндсэн хуульдаа “БНМАУ-ын дээд эрхийг УИХ-д хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхлэлийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хурал юм.

Бүгд Найрамдах Улсаа тунхагласны ойг орон даяар тэмдэглэдэг байсныг хүчингүй болгосон өмнөх парламентын шийдвэрийг Монгол Улсын Их Хурал саяхан  цуцалж, жил бүрийн 11 дүгээр сарын 26-нд эх орныхоо тусгаар тогтнол, иргэн хүний эрх чөлөөтэй байдлыг бахархан хүндэтгэж, бүх нийтээр тэмдэглэдэг баярын өдөр болгохоор шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэсэн нь үнэн түүх үнэнээрээ үлдэх ёстой хэмээх хүн төрөлхтний нийтлэг ёс, зарчмын илэрхийлэл бөгөөд даян дэлхийн өнцөг булан бүрт амьдран суугаа монгол ахан дүүс, гадаад улс орнуудад Монгол эх орноо төлөөлдөг Элчин, төлөөлөгчийн газрууд, нийт ард түмний маань уламжлалт баяр ёслолоо сэргээх, улс үндэстнээрээ бахархах хүсэл сонирхолд нийцэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ өдөр зөвхөн баярлан цэнгэх биш, үндэсний бахархлаа дээдлэн, түүх уламжлалаасаа туршлага сургамж авч, өөдрөг бадрангуй урагшлан тэмүүлэхийн утга учрыг ухааран ойлгох явдал эрхэм чухал юм.

Анхдугаар Үндсэн хуулийн үзэл санаа цаг хугацаа улирах тусам баяжин шинэчлэгдсээр XX зууны төгсгөлд Монгол Улс хөгжлийн цоо шинэ сонголт хийж, шинэ Үндсэн хуулиа  батлан, ардчилал, зах зээлийн замаар эргэлт буцалтгүй замнаж байна.

Эдүгээ парламентад Монгол Ардын Нам олонхи болж, Засгийн газраа байгуулан, туйлдсан эдийн засгаа сэргээх чиглэлээр хичээн зүтгэж байна.

Улс орны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүндрэл бэрхшээлтэй, байгаль цаг агаарын хувьд цас зудтай нүүр тулж болзошгүй нөхцөл үүссэн энэ үед боломж нөөцөө шавхан дайчилж, боломжтой нь ядарсандаа буяны гараа сунган, орон даяар Үндэсний хэмжээний хэмнэлтийн бодлогод шилжихийн зэрэгцээ хөрш зэргэлдээ улс орнууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагуудын тусламжтайгаар  бэрхшээлийг хамтын хүчээр гэтлэн давах зайлшгүй шаардлагатай боллоо.

Монголын төр, засаг, Монгол Ардын Нам ямар ч үед ард түмэнтэйгээ хамт байж, тулгарсан бэрхшээлийг гарз хохирол багатай даван туулсаар ирсэн билээ.

Тиймээс улс Монголынхоо төлөө иргэн бүхэн, байгууллага, аж ахуйн нэгж болгон эвлэлдэн нэгдэж, нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэн хөдөлмөрлөхийг Та бүхэндээ хандан уриалж байна.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан байх болтугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА                   МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here