Нүүр хуудас Улс төр Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

255
0

Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Сүүлийн жилүүдэд дотоодын аялал жуулчлал хурдацтай өсч, иргэд томоохон нуур, голын эрэг орчмоор амрах, зугаалах нь нэмэгджээ. Харин усан замын тээврийн өнөөгийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалтад тулгамдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хангалтгүйгээс усан замын тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмж хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг үр ашигтай хангаж чадахгүйд хүрэх нөхцөл байдал үүсч байгааг үндэслэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагын даатгал, зорчигчдын амь насны даатгал, усан замын тээвэрлэлтийн чиглэл тогтоох, батлах, зорчигчийн аюулгүй байдлыг хангах асуудлаар төрийн болон нутгийн захиргааны байгууллага, холбогдох бусад байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох асуудлыг тусгасан байна. Түүнчлэн усан замын тээврийн хэрэгслээр үзүүлж буй үйлчилгээний чанар, стандартын хэрэгжилт, хяналтын тогтолцоо, үйл ажиллагааг боловсронгуй болгох, байгаль орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, зорчигч, жолоочийн аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоол байгуулах, засвар үйлчилгээ хийх, тэдгээрийг шатах тослох материалаар хангах цэг байгуулах асуудлыг тусгажээ. Мөн иргэдийн зорчих хэрэгцээ нэмэгдсэн, усан замын тээврийн хэрэгслийн тоо олширсон, усан замын тээвэрлэлт өргөжсөнтэй уялдан аюулгүй байдлыг хангах, усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл болон хяналт тавих тогтолцоо, байгаль орчныг бохирдуулахгүй байх зохицуулалт, усан замын тээврийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүргийг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад хуулиар шилжүүлэх, усан замын тээврийн хэрэгслээр зорчиж байгаа иргэн, усан замын тээврийн үйл ажиллагаанд оролцогч хуулийн этгээд болон бусад этгээд усан замын тээврийн талаарх хууль тогтоомжийг зөрчсөн, усан замын тээврийн хэрэгслийн осол, зөрчил гарсан тохиолдолд буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох аж.

Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир, Ч.Хүрэлбаатар, Л.Болд нар ажлын хэсгээс асуулт асууж, хариулт авсан юм. Тухайлбал, төсөлд иргэдэд хамааралтай ямар зохицуулалт байгааг Ч.Хүрэлбаатар гишүүн тодрууллаа. Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хариулахдаа, усан замын тээврийн хэрэгслийн урт, хөдөлгүүрийн хүчин чадлыг үндэслэн ахуйн болон арилжааны зориулалтынх хэмээн ангилсан талаар тайлбар өгөв. Хөдөлгүүрийн хүчин чадал нь 10-аас дээш морины хүчтэй, эсхүл 3 метрээс илүү урттай усан замын тээврийн хэрэгслийг арилжааны зориулалтынх хэмээн тооцож, улсын бүртгэлд бүртгэн хүн тээвэрлэх тусгай зөвшөөрөл олгохоор төсөлд тусгасан байна.

Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд усан тээвэр нь өмч хөрөнгө, байгаль экологийн асуудал, тэр дундаа хүний амь настай шууд хамааралтай учир аюулгүй байдлыг анхаарах шаардлагатайг тэмдэглэн хэлсэн юм. Ингэхдээ монгол орны унаган төрхийг хамгаалах, хадгалахад онцгойлон анхаарч, энэ төрлийн зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан эсэхийг тодруулав. Монгол Улсад усан тээврийн хэрэгсэл жолооддог мэргэжилтнүүдэд жил бүр сургалт явуулж, шалгалт авч, мэргэшүүлэх ажлыг салбарын яамнаас гүйцэтгэдэг бөгөөд усан тээврийн хэрэгслийн үзлэг, оношлогоог холбогдох газрууд жил бүр хийдэг байна. Одоогоор манай улсад ашиглагдаж байсан усан тээврийн хэрэгслийг импортлохыг хориглосон эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг Зам, тээврийн яамны Далай ашиглалт, усан замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Д.Ганбаатар хэллээ. Уг хариулттай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, удаан хугацаанд ашиглаж, бохирдсон усан онгоц, завийг өөр гол, нууранд шилжүүлэн хэрэглэснээс үүдэн гол, нуур бохирдож, дахин цэвэршихээргүй болж сүйрдэг жишээ бусад улс оронд олон бий. Далайд буюу давстай усанд явж байсан усан онгоц, завинд замаг ургаж, олон төрлийн нян хуримтлуулсан байдаг ба ийм бохирдолтой усан тээврийн хэрэгслийг худалдан авч, өөр газар ашиглах явцад тухай нуур, голыг бохирдуулж, эко системийг нь сүйрүүлэх эрсдэлтэй учир шинэчилсэн найруулгын хуулийн төсөлдөө энэ талаарх зохицуулалтыг тусгах нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. Асуулт, хариултын төгсгөлд байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва, далайн тээвэрт Монгол Улсын далбааг ашиглуулж байгаатай холбоотой нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар тодруулсан.

Байнгын хороонд хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхи Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болов. Мөн тус хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here