Нүүр хуудас Улс төр Х.Бадамсүрэн: Тус компанийг асуудалтай байсныг нь би мэдэхгүй

Х.Бадамсүрэн: Тус компанийг асуудалтай байсныг нь би мэдэхгүй

132
0
badamsuren
"Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ долоо хоногт хоёр асуудлыг олон нийтийн анхаарлын төвд оруулав.

НЭГДҮГЭЭРТ, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлэв.

ХОЁРДУГААРТ, Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрт очиж ажилласныхаа дараа “Жаст”-ын Ш.Батхүү “Ocean Partners”-тэй хамтран Эрдэнэтийг луйвардах схем зохиосон байж магадгүй гэх мэдээллийг хийв. Ардчилсан намын хуралдааны шийдвэрийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн “Стандарт” банканд төлсөн 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг шалгах ажлын хэсгийг тэрбээр ахалж байгаа юм.

“Ocean Partners” компани нь Ш.Батхүүтэй хамтран “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан, “Стандарт” банкнаас зээл авахад зуучлалаар оролцсон. Ер нь “Эрдэнэт” үйлдвэртэй бүр эртнээс холбоотой байсан компани гэх мэдээлэл байгаа юм. Цаашлаад сая Стандарт банканд 40 сая доллар төлөхөд мөн зуучлагчаар дахин оролцсон байдаг.

Б.ПҮРЭВДОРЖ: ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН 140 САЯ ДОЛЛАР ЛУЙВАРЧДЫН ГАРААР ОРООД АЛГА БОЛСОН БАЙНА

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: “Эрдэнэт үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемийг ашигласан байж магадгүй. Учир нь Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй.

“Ocean Partners 3.1 тэрбум долларын зэсийн баяжмалыг “Эрдэнэт” үйлдвэрээс авч борлуулсан байна. Тэгэхээр “Ocean Partners” компани нь тус үйлдвэрийн үе үеийн удирдлагуудтай нягт холбоотой ажиллаж байсан нь харагдаж байгаа юм. “Ocean Partners компани нь “Жаст”-ын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авах болон сая түүний зээлийг төлөхөд оролцлоо. Тэгэхээр Ш.Батхүүд өгөх зээлийг “Ocean Partners компани өгсөн байж магадгүй. Стандарт банкийг нэр төдий ашигласан байж магадгүй гэсэн үг. “Эрдэнэт” үйлдвэр Стандарт банкны төлбөрийг янз бүрийн аргаар хийх боломжтой. Гэтэл тухайн банкнаас 40 сая ам.долларыг гаргуулна гэдэг нь Ш.Батхүүд зээл олгосон байж болзошгүй гэж ойлгогдохоор байна. Өөрөөр хэлбэл, “Жаст”-ын Ш.Батхүү “Ocean Partners” компанитай гэрээ хийхдээ “Эрдэнэт” үйлдвэрийг оруулж, луйврын схем зохиосон байж магадгүй гэж харагдаж байна. Ш.Батхүү 419 сая ам.долларыг “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр дансаар дамжуулж авсан байдаг. Үүнээс 210 сая ам.долларын зээлийг Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан зээлсэн. Үлдсэн мөнгө нь алга болсон. Хөрөнгийн тодорхой хэсгийг МАН-ын удирдлагууд намдаа болон хувьдаа завшсан байж магадгүй гэсэн хардлага байна.

Тэд 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, албан тушаалтнуудад үүрүүлэх эрүүгийн хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг багасгасан. Өөрөөр хэлбэл, Стандарт банкны хэрэг 2013 оноос өмнө зохион байгуулагдсан. Тийм учраас хэрэгт оролцсон хүмүүсийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар далимдуулан хаахыг эртнээс төлөвлөсөн байж магадгүй юм. Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт” үйлдвэрт 105 тэрбум төгрөгийн хохирол учраад байна. Уг үйлдвэрээс гарах хуулийн болон өмгөөллийн зардал нийлээд 140 тэрбум төгрөг болж байгаа. Энэ нь татвар төлөгчийн мөнгө луйварчдийн гараар орж. алга болж байна гэсэн үг. Тийм учраас “Эрдэнэт” үйлдвэр дээр эрх баригч нар тодорхой арга хэмээг авах ёстой” гэсэн .

Үнэхээр энэ үнэн бол маш ноцтой асуудал юм. Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж байсан энэхүү компанийг сая дахин зуучлагчаар оруулсан нь ч анхаарал татна. Тус компани нь “Эрдэнэт”-ийн зэсийн баяжмалыг БНХАУ-д зардаг трейдер компаниудын нэг юм. “Эрдэнэт” үйлдвэр 2006 оны гуравдугаар сард тодорхой зорилгогүйгээр 30 сая ам.долларыг хоёр хуваан зээлж, түүнийгээ шууд Ш.Батхүүгийн “Жаст” группт шилжүүлсэн байдаг. Уг төлбөрийг “Ocean Partners” компани зэсийн баяжмалын мөнгөөр төлж барагдуулсан түүхтэй байдаг аж.

Тэгэхээр тус компани Ш.Батхүүгийн тарьсан хэрэгт оролцсоор ирсэн. Үүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн үе үеийн удирдлагууд ч мэддэг байжээ

Х.БАДАМСҮРЭН: ТУС КОМПАНИЙГ АСУУДАЛТАЙ БАЙСНЫГ МЭДЭЭГҮЙ

Харин энэ талаар “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн тус компанийг асуудалтай байсныг нь би мэдэхгүй юм. Тус компанид зуучлалын хөлс гэж нэг ч төгрөг, доллар төлөөгүй” гэдгээс өөр тайлбар хийгээгүй юм. Тэрбээр тус компанийг улаан цээжээрээ хамгаалаад гарсан учир юу вэ.

40 сая долларын өрийг Ш.Батхүү зэрэг буруутай этгээдүүдээр төлүүлэхээр ажлын хэсэг гаргасан гэж буй ч энэ нь нийгмийг түр зуур тайвшруулах гэсэн оролдлого шиг харагдаж буй.

Ш.Батхүүг буруутай эсэхийг тогтоох шүүх хурал зарлагдсан ч тодорхой шалтгаангүйгээр нэмэлт, мөрдөн байцаалтад буцаад байгаа билээ.

эх сурвалж: medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here