Нүүр хуудас Улс төр ЧУУЛГАН: Ц.Цолмон өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

ЧУУЛГАН: Ц.Цолмон өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдөв

98
0
Tsolmon
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон

УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул чөлөөлөх асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонг чөлөөлөх саналаар санал хураахад гишүүдийн 80.4 хувь нь дэмжлээ. Хэлэлцүүлгийн явцад гишүүд асуулт асууж үг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ,

Нэр дэвшигч Л.Өлзийсайханыг дэмжиж байна. УИХ-ын гишүүд бүрэн эрхийн дагуу асуулга тавьдаг. Асуулгын хариуг цаг хугацаанд нь сонсгож байвал сайн байна. Дараалалд оруулчхаад ач холбогдол нь алга болсон үед хэлэлцдэг.

УИХ-ын гишүүн М.Энхболд,

УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өргөдлөө өгсөн юм байна. Оронд нь Л.Өлзийсайхан дарга нэр дэвшиж байгааг нь дэмжиж байна, сайн ажиллаарай. Би өнөөдрийг хүртэл УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Цолмонгийн талаар хэдэн зүйл хэлье. Ц.Цолмон төрийн захиргааны хууль зүй хариуцсан төв байгууллагад доороос нь эхлэн газрын дарга хүртэл есөн жил мэргэжиж ажилласан. Хууль зүйн салбарт бэлтгэгдсэн, онолын мэдлэг, чадварыг эзэмшсэн, Монголын төрд шат дараалан бэлтгэгдсэн ийм залуу. Ц.Цолмонгийн УИХ-ын Тамгын газарт хийсэн өнгөрсөн хоёр жилийн ажлыг нь энэ цаг мөчид би хэлэх зөв гэж бодож байна. Энэ хүнийг хэн нэгнийг дагаж ажилладаг мэтээр, хэн нэгнийг хар буруугаар боддог шигээ энэ залууг битгий тэгээсэй гэж хүсч байгаа учраас би энэ үгийг хэлье гэж бодлоо. УИХ-ын дарга таны санаачилсан зөвлөлдөх ардчиллын санал асуулга явуулах, энэ хуулийг амьдрал дээр бодит байдалд хэрэгжүүлж ажилласан хүн. Улс орныхоо өнцөг булан бүрээс иргэдийн төлөөллийг авчирч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулсан хүн нь. Улсын хэмжээнд энэ төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж маш олон үнэтэй саналуудыг хуримтлуулж чадсан хүн. Ц.Цолмон УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулах тал дээр бүх боломжоо дайчлан ажилласан. Мөн Дэгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан хүн. Нийгмийн асуудалд ч анхаарч ажилласныг хамт олон нь хэлдэг юм билээ. Энэ бүх ажлыг Л.Өлзийсайхан дарга үргэлжлүүлэн авч явж, сайн ажиллаарай гэж хэлэх байна.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайханыг томилуулах саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Өлзийсайхан томилогдлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here