Нүүр хуудас Улс төр “Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ.

“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль эхэллээ.

401
0

Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургууль манай улсад  зохион байгуулагдах гэж байна.
“Хааны эрэлд-2017” олон улсын сургуулийн тухай Монгол талын сургуулийн удирдагч, дэд хурандаа Д.Жавхланбаяр, АНУ-ын талын сургуулийн удирдагч, хурандаа Кэйт Фуллер нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Номхон далай дахь АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийг 2003 оноос эхлэн хоёр талын сургууль хэлбэрээр зохион байгуулж байсан бол 2006 оноос олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлага болгон өргөжүүлэн зохион байгуулж ирсэн билээ. Өнгөрсөн хугацаанд “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуульд дэлхийн 5 тивийн 51 улсын 11.000 гаруй цэргийн алба хаагч оролцсон бол энэ удаагийн сургалт, дадлагад 26 орны 1400 гаруй цэргийн алба хаагчид оролцох төлөвтэй байна.
“Хааны эрэлд-2017” энхийг дэмжих ажиллагааны олон улсын сургуулийн хүрээнд бригад, батальоны түвшний команд штабын сургууль, рот, салааны түвшний тактикийн хээрийн сургуулийг тус тус зохион байгуулж явуулахаар төлөвлөжээ.
Энэ жилийн сургуульд ротын хээрийн сургууль шинээр зохион байгуулагдаж байгаа нь Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг дэмжих “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэх мотобуудлагын батальоны нэг ротын бүрэлдэхүүнийг оролцуулан тэднийг ажиллагааны арга техникт сургах, рот, салаагаар бие даан үүрэг гүйцэтгэхэд дээд штабтай харилцан ажиллагаа зохион байгуулах, бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэлийг хангах, ротын түвшинд шийдвэр гаргах ажиллагаанд удирдлагын бүрэлдэхүүнийг сурган дадлагажуулж, ар тал хангалтыг үр дүнтэй зохион байгуулахад чухал ач холбогдолтой сургалт, дадлага болох юм.
Энэ жилийн сургуульд оролцогчдыг 17 сургагч багш удирдан явуулах бөгөөд оролцогч орнуудын тоо цөөнгүй нэмэгджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here