Нүүр хуудас Улс төр “Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох хуулийн төсөл өргөн барина

“Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох хуулийн төсөл өргөн барина

181
0
“Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох хуулийн төсөл өргөн барина
“Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох хуулийн төсөл өргөн барина гэв. Тодруулбал УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хурлаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Байгалийн баялгийн хувиарлалтын асуудлаар хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулахад бүтэн нэг жил ажиллалаа. “Эрдэнэс Тавантолгой”-г нийтийн компани болгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Ерөнхийлөгчтэй хамтарч боловсруулсан.

Бүлгээрээ хэлэлцээд уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барих гэж байна.

Сүүлийн үед УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудал хөндөгдөж байна. УИХ-ын гишүүдийн ёс зүйтэй холбоотой асуудал УИХ, Монголын төрийн нэр хүндийг унагаж байна. Тиймээс АН үүнд албан ёсоор байр, сууриа илэрхийлэх ёстой гэж үзэж байна.

Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж буй УИХ-ын гишүүний асуудлыг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал яригдсан учраас заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудал удаан үргэлжилж болохгүй. МАН-ын өгсөн тайлбараар бол УИХ-ын гишүүний асуудлыг хэлэлцэх гэсэн боловч хуулийн мухардалд орсон гэх.

Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардалд орох ёсгүй гэдгийг бид хана, хаанаа ойлгох ёстой. УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой байгаа юм. Нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан заалт тодорхой байгаа.

Үндсэн хуулийн 29.3 дахь заалтаар “Хэрвээ УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэнэ” гэсэн байгаа. Мөн тухайн гишүүн нь УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзэх өргөдлөө өгсөн нөхцөлд УИХ заавал хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг шийдэхгүй бол УИХ-ын нэр хүндэд байж болзошгүй хохирол учирна гэж бид үзэж байна. Тэгэхээр энэ асуудлаа МАН-ын бүлэг аль нэг тийш нь шийдэж УИХ-аар хэлэлцүүлэх ёстой.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 1072 ширхэг хувьцааг иргэн бүр эзэмшээд нэлээд удаж байна. Гэсэн хэдий ч энэ хувьцааныхаа үр шимийг өнөөдрийг болтол хүртэж чадахгүй байна.

Монгол Улсад бүх иргэн нь хувьцааг нь эзэмшдэг нийтийн өмчлөлийн нэг л компани бий. Нийтийн өмчлөлийн компанийн эрх зүйн үндэс, энэ компанийн баялаг хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ, ямар шалгуур, шаардлага тавихыг зохицуулах хууль байдаггүйгээс орон нутгийн оролцоотой компаниуд Төрийн өмчийн тухайн хуулиар, бусад компаниуд Компанийн тухай хуулиар үйл ажиллагаагаа зохицуулж ирсэн.

“Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн 14 хувийг иргэд нь эзэмшчихээд байгаа хэрнээ ноогдол ашгийг авч чаддаггүй, үйл ажиллагаанд оролцож чаддаггүй. Харин 86 хувийн эзэмшиж байгаа төр зээл аваад өрөнд оруулдаг, ашиггүй ажилуулдаг.

Тиймээс цаашдаа Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани гэдэг утгаар нь ажилуулах үүднээс хуулийн төсөл боловсруулсан.

Энэ хууль батлагдсанаар “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн төрийн мэдлийн 86 хувийг 100 хувь иргэдэд эзэмшүүлэх боломжтой. Нөгөө талаар жижиг хувьцаа эзэмшигчид буюу иргэд компанийн үйл ажиллагаанд хяналт тавих юм.

Төр бол зөвхөн алтан хувьцаа эзэмшинэ. Алтан хувьцаа эзэмшинэ гэдэг нь ноогдол ашиг авахгүй, гэхдээ компанийн гүйцэтгэх удирдлага улс орны эрх ашигт нийцэхгүй шийдвэр гаргавал хориг тавих л эрхтэй үлдэнэ.

Төрд төлж байгаа татвар хураамж буурахгүй, харин ч ил тод нээлттэй засаглалтай болсноор татварын орлого нэмэгдэнэ гэж үзэж байгаа” гэв.

эх сурвалж: medee.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here