Энэ хавар Алтайн өвөр говийн дархан цаазат газрын мазаалай баавгай ихэр бамбарууш гаргасан байна. ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Г.Наранбаатарын мэдээлснээр, мазаалай ихэр бамбарууш төрүүлэх нь маш ховор тохиолдол аж. Тус хүрээлэнгийн ажилтан, доктор Д.Амгалангаар ахлуулсан судалгааны баг Алтайн өвөр говийн дархан цаазат газарт ажиллаж буй юм байна.
Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой хэмээх Говийн их дархан цаазат газарт 20-40 мазаалай баавгай амьдарч байгаа аж. Олон улсын “Баавгай” нийгэмлэг, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн, “Говийн баавгай” судалгааны баг хамтран дөрөвдүгээр сарын 26-наас Шар усны баянбүрдэд судалгааны ажлаа эхэлжээ.
Тэд нас бие гүйцсэн нэг шармаахай (эр баавгай)-г шинээр илрүүлж, хүзүүвч зүүсэн байна. Мөн тэндtхийн байгаль хамгаалагч ихэр бамбаруушаа (алманцаг) дагуулсан мазаалайтай таарснаа тэмдэглүүлжээ.
Өнгөрсөн намар ичээндээ орохоос нь өмнө гурван тонн, энэ хавар гуравдугаар сарын эхээр ичээнээсээ гарахад нь найман тонн тэжээлийг Алтайн өвөр говь дахь мазаалай тархсан нутгаар тарааж байрлуулсан байна. Мөн ус ундны талаар ч анхаарч байгаа аж. Ер нь мазаалай ичээндээ байх үед бамбаруушаа төрүүлээд хавар ичээнээсээ дагуулаад гарч ирдэг онцлогтой амьтан юм байна.