Нүүр хуудас Эдийн засаг Монголын ирээдүй уул уурхайгаас эрчим хүч рүү шилжиж байна.

Монголын ирээдүй уул уурхайгаас эрчим хүч рүү шилжиж байна.

191
0

Гадаадын зарим мэдээллийн агентлагууд Монгол Улсыг 2017 оны  гуравдугаар сард дампуурлаа зарлана гэж мэдээлж байв. Ингэхийн учир нь  580 сая ам.долларын тулгамдсан гадаад өр болон улсын валютын нөөц хомсдсон зэрэг  нөхцөл байдлаас үүдэн ийм дүгнэлт хийсэн юм. Гэвч Засгийн газар өрийг “Их Хуралдай” бондоор төлж, эдийн засгаа сэргээх эхний алхам болгож  ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдаж чадсанаар айдас ард үлдэж эдийн засагт эерэг дохио ирж эхлээд байна. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш чангарч, ам.долларын ханш 450 орчим төгрөгөөр буураад байна. ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсанаар 5,5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдэж байгаа. Ингэхдээ эргээд улс орныхоо эдийн засгийг тэтгэх тийм төсөл хөтөлбөрт хуваарилна. Энэтхэгээс авах 1.0 тэрбум ам.долларын зээлээр нефть боловсруулах үйлдвэр барихаар төлөвлөж байна. Монголын ирээдүй уул уурхайгаас эрчим хүч рүү шилжиж байна. Монгол нутаг сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нар салхины их нөөцтэй.  2020 он гэхэд эрчим хүчний салбарт эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлж, экспортлох боломжтой гэж байна.  Одоо Цогтцэций, Сайшандын тус бүр нь 50 МВт-ын хүчин чадалтай салхин цахилгаан станц, Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна. Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах хорооноос 13 нарны станц, зургаан салхин станц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Шүрэнгийн УЦС-ын асуудлыг ирэх наймдугаар сард эцэслэн шийдвэрлэнэ.  Оюутолгойг түшиглэн барих зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд багтаан хийнэ. Одоогоор дэлхийн томоохон 4-5 зэс үйлдвэрлэгч хөрөнгө оруулалтын саналаа ирүүлээд байна. Хөрөнгө оруулалтыг шалгаруулсан нөхцөлд үйлдвэрийг 18-20 сард багтаан ашиглалтад оруулна. Энэ жишгээр тооцвол 2019 ондоо багтаад үйлдвэр ашиглалтад орох боломжтой.  Үйлдвэр ашиглалтад орсноор 1000 хүн ажлын байртай болж, жилд нэг сая тонн баяжмал боловсруулж 258 000 тн катодын зэс, 6 тн алт, 60 тн мөнгө болон бусад газрын ховор элементүүд гаргаж авна. МАК /Монголын алт/ компани Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт “МАК-Евро цемент” үйлдвэрээ ашиглалтад орууллаа. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс цементийн хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангаж улмаар экспортлох боломж бүрдэж, 70-75 сая ам долларын гадагшлах урсгалыг улсдаа шингээнэ. Мөн 900 орчим ажлын байр шинээр бий болж, жилд улсын төсөвт 35 тэрбум төгрөгийн татвар төлнө. Оны эхний таван сарын байдлаар татварын нийт орлого 2302 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 464,7 тэрбумаар  нэмэгджээ. Төсвийн алдагдал 412,5 тэрбум төгрөг  болж буурав.  Өнгөрсөн оны мөн үед төсвийн алдагдал 800 гаруй тэрбум төгрөг байсан бол харин ганцхан жилийн дараа тал хувиар буурлаа. Энэ нь эдийн засаг эрүүлжиж буйн дохио байх. Улсын нийт экспортын орлого өнгөрсөн оноос 42 хувиар буюу 744 сая ам.доллараар өсчээ.Үүнд нүүрсний экспорт голлон нөлөөлжээ. Ам.долларын ханш 2370 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 450 орчим төгрөгөөр сулраад байна. Харин юанийн ханш 350,38 төгрөг болж, мөн үеэс 43,1 төгрөгөөр сулрав. Төгрөгийн ханшны чангаралт цаашид ч үргэлжлэхээр байна. 17-18 хувьтай байсан Засгийн газрын бондын хүү 12.5 хувь руу уруудлаа. Үүнийг дагаад зээлийн хүү буурна гэсэн хүлээлт байна. Энэ нь компанийн бондын зах зээл жинхэнэ утгаараа хөгжих эерэг дохио хэмээн онцолж байна. Удахгүй эхлэх томоохон төсөл гэвэл БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн  гэр хорооллыг дахин төлөвлөж 1000 айлын орон сууц, сургууль, цэцэрлэгийн цогцолборын бүтээн байгуулалт болж байна.  Энэ долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км, Тавантолгой-Гашуунсухайтын 250 км, Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км их даацын хатуу хучилттай авто замыг “Зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр барихаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Хөрш гурван улсыг дамжих эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т “Улаан-Үд-Хиагт-Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын-Үүд-Эрээн-Тяньжин” чиглэлийн замыг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглахаар тусгасан. Иймээс энэ замыг 2017-2020 оны хооронд дөрвөн эгнээтэй, нэгдүгээр зэргийн автозам болгон шинэчлэх юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here