Нүүр хуудас Эдийн засаг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ

281
0
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат
Улсын Их Хурлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Нийгмийн халамжийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” гишүүдэд мэдээлэл хийж, Монгол Улсын нийгмийн халамжийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Засгийн газраас цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав.

Нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдийг төр ивээлдээ авч, амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аас батлан хэрэгжүүлээд 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд Нийгмийн халамжийн багц хуульд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулсан бөгөөд халамжийн чиглэлийн шинэ хуулиудыг ч нэмж баталж, одоо нийгмийн халамжийн чиглэлээр 5 хуулийг дагаж мөрдөж байгаа.

Эдгээр хуулиудын хүрээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн, алдар цолтой ахмад настан, хүүхэд, эхчүүд болон нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай иргэдэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж олгож, тусламж, үйлчилгээ үзүүлж байгааг Ерөнхий сайд мэдээлэлдээ онцлоод энэ талаар тодорхой тоо баримт дурдав.
Тухайлбал, энэ оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63 мянган хүн асаргааны тэтгэмж, 67 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээ, 4 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас авч байгаа аж.

Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3 мянган, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207 мянган, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3 мянган, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134 мянган хүн тус тус хамрагдаж, жилд дунджаар нийтдээ 730 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртдэг.
Нийгмийн халамжийн үйлчилгээ хүртэгчдийг хүн амын бүлгээр нь ангилан үзвэл тэтгэврийн насны иргэдийн 70, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 87, 16-аас дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний 63 хувь нь халамжийн аль нэг хөтөлбөрт хамрагддаг юм байна.

2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөг зарцуулсан нь ДНБ-ний 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулж тооцвол ДНБ-ний 2,1 хувьтай тэнцэж байгаа аж. Тэгвэл дундаж орлоготой гадны улс орнууд ДНБ-нийхээ 1.6 орчим хувийг, өндөр орлоготой улс орнууд ДНБ-нийхээ 1.9 орчим хувийг нийгмийн халамжийн арга хэмжээнд зарцуулдаг юм байна.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нийгмийн халамжийн салбарт өнөөдөр тулгамдаж байгаа зарим асуудлын талаар танилцуулахдаа, өнгөрсөн 6 дугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144 тэрбум төгрөгийг 6 дугаар сард зарцуулж дууссан байсан.
Мөн өнгөрсөн жилүүдэд Хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй, Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн.

Нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730 орчим мянган хүнийг хамруулж, 4 хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг илэрхийлж байна. Тухайлбал, 2015 онд хийсэн судалгааны дүнгээс харахад нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртсэн тооцоо судалгаа гарсан байна.

Гэтэл нийгмийн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага байна. Тухайлбал, 5 ам бүлтэй нэн ядуу өрхөд сард 45.5 мянган төгрөгийн хүнсний эрхийн бичгийн дэмжлэг үзүүлж байна. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс оронтой харьцуулахад 5-6 дахин бага байгааг Ерөнхий сайд дурдлаа.

Мөн зорилтот бүлэгт нийгмийн халамжийн мөнгөн тэтгэвэр, тэтгэмж олгохоос гадна нийгмийн хөгжлийн үйлчилгээ үзүүлж, үе дамжсан ядуурлаас сэргийлэх, ажил хөдөлмөр эрхлээд амьдралаа авч явах бололцоотой зарим нь ч халамж хүртэх сонирхол өндөртэй байгаа тул иргэдийн бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээний хандлагыг өөрчилж, халамжийг зөвхөн төрийн туслалцаа зайлшгүй шаардлагатай ядуу, эмзэг хэсэгт хүргэх учиртай гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх шаардлагатай байгаа.

Иймээс хүн амын хэрэглээнд үндэслэн амьжиргааны түвшинг тодорхойлдог “орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг нэвтрүүлж, зорилтот бүлгийг тодорхойлж байгаа хэдий ч уг аргачлалыг тойрсон шүүмжлэл нийгэмд их байгаа нь цаашид аргачлалыг боловсронгуй болгож, орлогын үзүүлэлтэд үндэслэх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Түүнчлэн нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг 2013 оноос эхлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төсвийн эрх мэдлийг олгох зорилготой байсан. Гэвч зарим тохиолдолд орон нутгийн төсөвт ачаалал үүсгэх, төсвийн хөрөнгийг дамжуулах шат дамжлага нэмэгдэх, эмзэг ядуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй байх зэрэг хүндрэлийг үүсгэж байгаа.

Мөн гадаад, дотоодын төрийн бус байгууллагууд, компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд туслах зорилгоор зарцуулсан хөрөнгө, хандивыг хүлээн авч бүртгэх, зохих эзэнд нь хүргэх, хяналт тавих нэгдсэн зохицуулалтууд үгүйлэгдэж байгааг дурдав.

Иймээс нийгмийн халамжийн салбарт тулгамдаж байгаа дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд халамжийг эмзэг, ядуу зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг Ерөнхий сайд танилцуулсан юм. Үүнд:

– Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилна. Энэ зорилгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний нэр төрлийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалж, халамжийн үр дүнтэй тогтолцоог нэвтрүүлнэ. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.

– Хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг бэлэн мөнгөөр тэтгэх бус хөдөлмөр хийж орлого олоход саад болж байгаа бэрхшээлийг нь хамтын дэмжлэгтэйгээр арилгаж, хөдөлмөрлөх нөхцөлийг нь бүрдүүлж, ядуурлаас гаргах олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ. “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлнэ.

– Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлж байгаа аргачлалыг дахин сайжруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо цалин, тэтгэвэр зэрэг мөнгөн орлогод тулгуурлах, өрхийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангуудтай тулган сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Мөн өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг боловсрол, эрүүл мэнд, түлш, эрчим хүч, хөдөлмөр эрхлэлт, хууль, барилга, орон сууц зэрэг бусад олон салбарт ашиглаж, зорилтот өрхүүдэд чиглэсэн нийгмийн цогц үйлчилгээг хэрэгжүүлж ажиллана.

– 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13 мянга, 4 жилийн хугацаанд 55 мянган өрхийг сонгон амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана.

– Зорилтот бүлгийн өрх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд төрийн захиргааны төв байгууллагууд, нийслэл, орон нутгийн захиргааны байгууллагуудын үүрэг хариуцлага, салбар хоорондын зохицуулалтыг сайжруулах зорилгоор Ядуурлыг бууруулах үндэсний стратегийг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлнэ.

– Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн төсөвлөлт, зарцуулалт, тайлагналтыг ил тод, нээлттэй болгож, хяналтыг сайжруулна. Түүнчлэн нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд зарцуулсан хөрөнгийн бүртгэл мэдээллийг сайжруулж, хувийн хэвшилд татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоог судалж хэрэгжүүлнэ гэдгийг хэллээ.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээллийнхээ төгсгөлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого гаргаж, Ач санах тухай хуулийг батлуулж, азай буурлуудад “Насны хишиг” тэтгэвэр олгох эрх зүйн орчинг бүрдүүлнэ” гэсэн зорилтын дагуу ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд 2 удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан.

Энэ хуулийн хүрээнд 120 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50-250 мянган төгрөгийн тэтгэмж олгох нөхцөл бүрдэж, азай буурлуудын амьжиргаанд дэмжлэг үзүүлсэн нийгмийн хамгааллын томоохон арга хэмжээ хэрэгжих нөхцөл бүрдээд байгаа. Засгийн газраас ахмадууддаа насны хишиг олгох төдийгүй тэдний нийгмийн хамгааллыг сайжруулах, хуримтлуулсан мэдлэг, ур чадварыг нь хойч үедээ өвлүүлэх зорилгоор ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад байгааг дурдав.

Түүнчлэн хүн амаа өсгөх, төрөлтийг дэмжих бодлогыг хүн амын цонх үе буюу төрөх насны эмэгтэйчүүдийн тоо хамгийн өндөр байгаа одоо үед л хэрэгжүүлэхгүй бол цаашид ахмад настны тоо нэмэгдэж, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурсан үед төрөөс төрөлтийг дэмжих бодлого боловсруулаад үр дүнгүй болох учраас хүн амын өсөлтийг дэмжих, 2 хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцсэн. Уг хуулийн төслийг улс орны эдийн засгийн бололцоонд суурилан төсвийн орлого сайжрах үед УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг дурдлаа.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын зарим гишүүд Дорнод аймагт иргэд техникийн спиртэд хордсон асуудлын талаар мэдээлэл өгөхийг хүссэний дагуу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ талаар гишүүдэд товч мэдээлэл өгсөн юм.

Дорнод аймгийн Халх гол сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро чайна дайчин тамсаг” компанид ажиллаж байсан иргэд шингэн зүйл ууснаас хордсон тухай мэдээллийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны 22 цагт орон нутагт ирүүлсний дагуу аймаг дахь Бүсийн эмчилгээ, оношилгооны төвөөс хоёр их эмч, хоёр сувилагчийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн багийг Халх гол сум руу илгээжээ. Харин энэ талаархи эхний мэдээллийг орон нутгаас Эрүүл мэндийн яаманд 2016 оны 11 дүгээр сарын 26-ний өдрийн 18.00 цагт ирүүлсэн байна. Энэ үндсэн дээр Онцгой байдлын ерөнхий газрын ажлын хэсэг, Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдээс бүрдсэн баг гэсэн хоёр ажлын хэсэг орон нутагт очиж ажиллан хордсон иргэдийн амь насыг аврах, шаардлагатай тоног төхөөрөмжийг Дорнод аймагт хүргүүлэх зэрэг шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хордсон иргэдийн биеийн байдал сайжирч байгаа аж.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс гаргасан дүгнэлтийг УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга Ж.Батзандан танилцуулсан юм.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, О.Баасанхүү нар Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.

Чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын зарим гишүүд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд оролцож, гишүүдийн асуултад хариулт өглөө гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here