Нүүр хуудас Эдийн засаг СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээл өсөлттэй ажиллах боломж бүрдлээ

СЗХ-ны дарга С.Даваасүрэн: Санхүүгийн зах зээл өсөлттэй ажиллах боломж бүрдлээ

330
0
СЗХ-ны дарга С.Даваасүрэнгийн ярилцлага
СЗХ-ны дарга С.Даваасүрэн Санхүүгийн зах зээл өсөлттэй ажиллах боломж бүрдлээ хэмээлээ. Салбарын үйл ажиллагааных нь талаар ярилцлаа.

-Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирч байна. Эдийн засгийн сэргэлт санхүүгийн зах зээлд хэрхэн мэдрэгдэж байна вэ. Ялангуяа танай хороонд харьяалагддаг санхүүгийн салбарын үйл ажиллагаа ямар байна вэ?

-Санхүүгийн зохицуулах хороонд банкнаас бусад санхүүгийн байгууллага тэр дундаа банк бус санхүү байгууллагууд, хадгаламж зээлийн хоршоод, даатгалын компани, брокер дилер, хөрөнгө оруулалтын чиглэлийн хувьцаат компанийн асуудлыг бүхэлд нь шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, банкнаас бусад санхүүгийн салбарыг зохицуулж, тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлогыг явуулж байна. 2017 онд банкнаас бусад санхүүгийн салбар нийт дүнгээрээ 25 хувийн өсөлттэй ажиллалаа. Энэ бол өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад өндөр өсөлт. Салбар бүрээр нь хувааж харвал, даатгалын салбар 20, банк бус санхүүгийн байгууллагуудын хувьд 30 орчим хувиар хөрөнгө нь өссөн. Дээр нь хадгаламж зээлийн хоршоодын орлого сүүлийн арван жил байгаагүйгээр буюу 35 хувиар өслөө. Мөн үнэт цаасны зах зээл 2016 оныхоос 66, 2015 оноос 200 хувиар өссөн. Энэ бүх өсөлтийн үр дүнд 2.4 их наяд төгрөгийн зах зээлийн үнэлгээ хүрсэн. Энэ нь Монгол Улсад үнэт цаасны зах зээл хөгжсөнөөс хойш хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

-Салбарын хэмжээнд өсөлттэй ажиллахад юу голлон нөлөөлсөн бэ?

-Эдийн засгийн эерэг төлөв байдалд зах зээлийн өсөлтөд нөлөөлсөн. Дээр нь зохицуулалттай байгууллага буюу Санхүүгийн зохицуулах хорооны бодлого тууштай хэрэгжиж байгаа нь салбарын өсөлтөд нөлөөлж байна. Тухайлбал, 2016 онд банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан. Ингэж үе шаттай нэмэгдүүлснээр банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн сан 30 орчим хувиар нэмэгдэж, зээлийн жигнэсэн дундаж хүү 0.6 хувиар буурч, зээлийн нийлүүлэлт, нэр төрөл нь олширсон. Энэ нь санхүүгийн зах зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж байна.

-Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хувьд хэр ахиц гарч байна вэ. Сүүлийн үед IPO гаргасан АйТүүлс, ЛэндМН компанийн хувьцаа олон нийтийн анхаарлыг ихээхэн татлаа. Харамсалтай нь, эргээд хувьцааны үнэ хурдацтай бууж байна л даа?

-Хөрөнгийн зах зээлийн хувьд хоёр томоохон компани IPO хийлээ. Сүүлийн 10 гаруй жил компаниуд хөрөнгийн зах зээлд IPO хийж байгаа. Гэхдээ 2017 онд хийсэн АйТүүлс ХХК болон 2018 онд IPO гаргасан ЛэндМН компанийн хувьд бусдаасаа ялгарах онцлог байсан. IPO хийж байгаа компаниуд болон тэдгээрийн дундын зуучлал хийж, эрсдэлийг нь дааж байгаа адеррайтерын компаниудтай нягт хамтран ажилласан. Тухайлбал, АйТүүлс компани 300 хувь захиалга давсан. Тус компани 2016 онд IPO гаргаад амжилт олж чадаагүй. Харин 2017 онд дахиад гарахдаа маш амжилттай арилжааллаа. Энд андеррайтер хийж байгаа компаниуд өндөр хариуцлага, сахилга баттай ажиллаж, компанийн бизнес төлөвлөгөөнд анхаарч ажилласны үр дүн гэж харж байгаа.

Эдгээр арилжаанаас харахад, хэрэглэгчдийн итгэл сэргэж, хөрөнгийн зах зээлийг сонирхож байна. Судалгаагаар нийт иргэдийн 98 хувь нь хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй боловч дөнгөж хоёр хувь нь л арилжаанд оролцож үзсэн байдаг. Иргэд хувьцаа сонирхож байгаа үйл явцыг идэвхжүүлж, итгэлийг нь даахуйц шинэ төрлийн бүтээгдэхүүнийг гаргах, итгэлийг нь даахуйцаар зохицуулалтыг нь хийх, дээр нь компаниуд итгэл алдахгүйгээр ажиллах хэрэгтэй. Энэ бүгдийг ижил төвшинд зохицуулж зах зээл тогтвортой хөгжинө.

Зах зээлд үүссэн эерэг хандлага дээр иргэд ч, компаниуд ч зах зээлд зоригтой оролцох боломж нээгдэж байна. Ялангуяа дотоодын том компаниуд нээлттэй компани болох үйл явцыг дэмжих хэрэгтэй байна. Үүний тулд хөрөнгийн бирж, хувьцаат компаниудын бааз суурийг бэхжүүлж, хяналт шалгалт өндөр байх ёстой. Хэт их хөөс гарвал зах зээлийн савлагааг хэрхэн зөв зохистой болгох уу, хэрхэн тогтвортой байлгах уу гэдэг нь чухал. Эцсийн дүнд өндөр өсөлтөөс илүү тогтвортой байнгын ажиллагаатай байх нь хамгийн чухал. Үүний хүрээнд даатгал, банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүртээмж гэдэг ойлголтыг авч үзэж байгаа. Хүртээмж гэдэг нь ард иргэд хэрэгцээтэй шаардлагатай үедээ хамгийн бага зардлаар санхүүгийн үйлчилгээг хүртэхийг хэлж байгаа. Энэ чиглэлд бодлогоо чиглүүлж ажиллаж байна. Эргээд энэ үйл ажиллагаа нь иргэн, өрх болгонд хүрч, өгөөжөө өгдөг болох ёстой.

-Иргэдийн хувьд мэдээлэл муутайгаасаа болж зах зээлд оролцохгүй байх хандлага ажиглагддаг. Иргэдийн зах зээлийн мэдлэг, боловсролыг сайжруулах чиглэлд ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Иргэд эрсдэлээ мэдэхийн тулд санхүүгийн наад захын мэдлэг боловсролтой байх хэрэгтэй. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс ард иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, аян өрнүүлж байгаа. Энэ үйл явц маш чухал. Дээр нь эдийн засгийн нөхцөл байдал таатай байна уу, үгүй юү, ямар төрлийн хувьцаанд санхүүжилт хийж, хэдийд нь худалдаж, зарж борлуулж болох вэ зэрэг асуудлаар мэдээлэлтэй болгох нь маш чухал. Нөгөө талд зах зээлээ нээх асуудлыг зохион байгуулснаар үр өгөөжөө өгнө. Хэрвээ та эрсдэлгүй хөрөнгө оруулалтад дуртай бол банкинд мөнгөө хадгалж болно. Харин өгөөж нь харьцангуй бага. Эрсдэлгүй мөртөө өндөр өгөөжтэй байя гэвэл хувьцаанд хийж болно.

-Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү арилжааны банкуудтай харьцуулахад өндөр байдаг. Энэ асуудалд зохицуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос 500 гаруй банк бус санхүүгийн байгууллага зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байна. Зээлийн хүүгийн төвшин өндөр байгаа нь ганц банк бус санхүүгийн байгууллагын салбарт ч биш, санхүүгийн зах зээлд бүхэлд нь тулгарч буй асуудал. Хүү өндөр тогтож байгаа нь олон хүчин зүйлээр тайлбарлагдана. 2016 онд банк бус санхүүгийн байгууллагуудын дүрмийн санг нэмэгдүүлж 2020 гэхэд 2.5 тэрбум төгрөгт хүргэх санал гаргасан. Энэ хүрээнд зээлийн нийлүүлэлтийг нэмэгдүүлж, улмаар зээлийн хүүгийн төвшинг бууруулах стратегийг баримталж байгаа. Энэ оны хоёрдугаар сард банк бус байгууллагууд дүрмийн сан 1 тэрбум төгрөгт хүргэх ёстой байсан. Үүнийгээ амжилттай хүргэсэн. Дүрмийн сан өсөхийн хэрээр зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, хүү буурах боломжтой болно.

-Дэлхийн санхүүгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн гарсаар байна. Криптовалют зэрэг шинэ төрлийн бүтээгдэхүүнд манай зах зээл бэлэн үү?

-Дэлхийн санхүүгийн зах зээлд финтек маш эрчимтэй хөгжиж гарч ирж байна. Энэ нь зөвхөн Монгол Улсын санхүүгийн зохицуулах хорооны асуудал биш. Дэлхий нийтээрээ энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ярилцаж байна. Үүнтэй зэрэгцээд технологи дээр суурилсан санхүүгийн луйврын үйл ажиллагаа эрчимжих хандлагатай байна. Манайд зарим банк бус санхүүгийн байгууллагууд цахим орчинд гүйлгээ явуулах эрх бий. Гэхдээ хурдацтай гарч ирж байгаа бүхий л үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийвэл эрсдэлийг бүрэн хариуцаж чадахгүй. Учир нь, цахим мөнгөний зах зээл зохицуулалтгүй байгаа. Ялангуяа криптовалютын хувьд тодорхой зохицуулалт өнөөдрийг хүртэл Монгол Улсын санхүүгийн зах зээлд байхгүй. Бид дэлхийн томоохон эдийн засагтай улс орнуудын баримталж байгаа бодлогыг сайтар ажиглаж байгаа. Энэтхэг, Хятад, БНСУ криптовалютын үйл ажиллагааг хязгаарлах бодлогыг баримтлаад эхэлсэн. Энэ зүй тогтлыг байнгын ажиглаж байх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here