Нүүр хуудас Эдийн засаг Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө экспортлох нь эдийн засагт үр өгөөжтэй

Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө экспортлох нь эдийн засагт үр өгөөжтэй

428
0
sergeegdeh-erchim-huch
Монголын говь сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг
~Сэргээгдэх эрчим хүчний нөөцөө экспортлох нь эдийн засагт үр өгөөжтэй~

Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний арвин их нөөцтэй боловч эрчим хүчний хэрэглээ маш бага.

Одоогоор манай улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнд тус бүр 10 мВт бүхий нарны хоёр цахилгаан станц, тус бүр нь 50 мВт бүхий салхины хоёр цахилгаан станц байдаг бөгөөд нийтдээ 120 мВт-ыг сэргээгдэх эрчим хүчээр нийлүүлж байгаа.

Энэ нь нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 12 орчим хувьтай тэнцэж байна. Салбарынхны гаргасан судалгаагаар эрчим хүчний нэгдсэн сүлжээнд 250 мВт-ын сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх боломжтой юм байна.

Тиймээс сэргээгдэх эрчим хүчний нөөцөө экспортлох нь эдийн засагт үр өгөөжтэйг тэд дурддаг. Тийм ч учраас Азийн супер сүлжээ санаачилгад Монгол Улс нэгдээд байгаа. Монголын говь сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт бичигддэг.

Хэрвээ бид Азийн супер сүлжээг байгуулж чадвал Япон, Хятад, Солонгос, Орос зэрэг улсруу сэргээгдэх эрчим хүч экспортлох боломж бүрдэх юм. Солонгос улсын хувьд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, нэгдсэн сүлжээ байгуулах асуудалд онцгой ач холбогдол өгдөг. Тус улс долоон жил дараалан Ази Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний форумыг эх орондоо зохион байгуулсаар ржээ.

Харин анх удаа Ази Номхон далайн бүсийн сэргээгдэх эрчим хүчний форумыг Монгол Улсад зохион байгуулж байна. Энэхүү найдугаар форумыг Эрчим хүчний яам, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Эрчим хүчний зохицуулах хороо, “Азийн супер сүлжээ Монголын нийгэмлэг” ТББ, БНСУ-ын “Шинэ сэргээгдэх эрчим хүчний хүрээлэн”, Эрчим хүчний судалгааны хүрээлэн хамтран зохион байгуулж байна.

Энэ удаагийн форумд Хятад, Солонгос, Герман, Шриланка, Ирак, Япон зэрэг 10 гаруй орны 100 гаруй төлөөлөгч оролцож, сэргээгдэх эрчим хүчний хөгжил, хэтийн төлөв, хөгжихөд нөлөөлж буй бэрхшээлийн талаар ярилцлаа.

Түүнээс гадна Азийн супер сүлжээ санаачлагыг хэрхэн ажил хэрэг болголх, энэхүү сүлжээг байгуулахад ямар дэмжлэг хэрэгтэй байгааг ярилцлаа.

Энэ үеэр Эрчим хүчний сайд Д.ДаваасүрэнУлс бүр сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өөрсдийн гэсэн зорилготой. Манай улсад нар, салхины эрчим хүчээ ашиглан эрчим хүч үйлдвэрлэн, экспортлох зорилго бий.

Гэхдээ бид байгалийг захирч чадахгүй тул нар, салхийг ашиглах нь мэдээж хүндрэлтэй. Нарны станц шөнө хэрхэн эрчим хүч үйлдвэрлэх вэ. Салхи гарахгүй тогтуун өдөр яаж ажиллах билээ гэх мэт хүндрэлүүд гардаг. Энэ асуудал бүх улсад тулгарч байгаа шүү дээ.

Тиймээс сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх явцад тулгарсан бэрхшээлийг хэрхэн даван туулсан талаараа улсууд туршлага солилцож байна. Улс орнуудад янз бүрийн туршлага байдаг. Харин манай улс 100 мВт-ын цэнэгт хуримтлуур бий болгохоор ярьж байна.

Өөрөөр хэлбэл, нар, салхитай үед зайгаа цэнэглэж аваад нар, салхигүй үед хуримтлуулсан эрчим хчүээ ашиглах юм. Манай говийн бүст нар, салхины эрчим хүчийг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой, арвин нөөцтэй.

Үүнийг ашиглах, харилцан ашигтай хамтран ажиллах сонирхолтой олон улс орон Азийн супер сүлжээг бий болгохоор зорьж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлвэл бид Япон, Солонгос зэрэг улс руу нар, салхины эрчим хүч экспортлох боломжтой болно” гэсэн юм.

Манай улс сэргээгдэх эрчим хүчний цаашдын ирээдүйгээ өөдрөгөөр харж, томоохон зорилт тавьсан байдаг. 2020 он гэхэд эрчим хүчний нийт үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувийг 20, 2030 онд 30 хувьд хүргэхээр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогодоо тусгаж өгчээ. Мөн 2023 оноос эхлэн эрчим экспортлоно эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигт тусгасан байдаг.

Мөн Парисын хэлэлцээрт нэгдэн дэлхийн уур амьсгалыг бууруулах чиглэлээр хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээсэн. Гэвч сэргээгдэх эрчим хүч хөгжих тусам тарифын асуудал маргаан дагуулдаг. Өөрөөр хэлбэл, нар, салхины олон станц ороод ирвэл сэргээгдэх эрчим хүчний дэмжих тарифын үнэ өсөх эрсдэлтэй.

Гурван жилийн өмнө анх нэг салхин станц орж ирж байхад сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тариф гурван төгрөг 95 мөнгө байсан. Өнгөрсөн жил гурван станц ашиглалтад ороход энэ тариф долоон төгрөг 93 мөнгөөр нэмэгдэж, өнөөдөр 11 төгрөг болсон.

Энэ жил гурван нарны цахилгаан станц ашиглалтад орно. Тэгэхээр дэмжих тариф дахиад нэмэгдэнэ. Ингэснээр хэрэглэгчийн цахилгааны үнэ дагаад өснө. Тиймээс энэ асуудлыг шийлвэрлэж хязгаарлах зайлшгүй хэрэгтэй болсон.

Тийм ч учраас Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байгаа юм.. Хуулийн шинэчилсэн найруулгад тарифын асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Телейханаас тодруулахад “Монгол орон сэргээгдэх эрчим хүчийг цаашид хөгжүүлэх төрийн бодлоготой. Эрчим хүчний хуулинд энэ тухайгаа тодорхой заасан байдаг. 2015 онд УИХ-аар баталсан “Эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д “Монгол Улс Дорнодоос, Баян-Өлгий хүрсэн дотоодын нэгдсэн сүлжээ байгуулна. 2023 оноос эрчим хүч экспортолно” гээд тодорхой заасан байдаг.

Тийм учраас одооноос энэ зорилгынхоо бэлтгэлийг хийх ёстой. Ялангуяа Монгол улсаас сэргээгдэх эрчим хүч худалдан авюахаар сонирхож байгаа Солонгос Улстай маш сайн хамтран ажиллах ёстой. Солонгосын шинэ Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт Азийн супер сүлжээ байгуулах тухай багтсан байдаг.

Мөн БНХАУ-ын дарга дэлхийн нэгдсэн сүлжээ байгуулах сонирхолтой тухайгаа мэдэгдсэн. Ингэхээр бид байгаа нөөцөө ашиглаад сэргээгдэх эрчим хүч экспортолж, дэлхийн зах зээлээс долларжих боломтжтой байгаа юм. Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч хөгжихөд хоёр бэрхшээл бий. Нэгдүгээрт, цаг агаарын байдлаас шалтгаалсан эрчим хүчний тогтворгүй байдал, горим ажиллагаа алдагдах. Хоёрдугаарт, эрчим хүчний үнэ тариф өсөх юм.

Иймээс тогтвортой байдлыг бий болгохын тулд цахилгаан эрчим хүчний хуримтлуурыг бий болгох зайлшгүй шаардлагатай. Мөн өрсөлдөөнийг бий болгож үнэ тарифыг бууруулах бодлогыг баримтлан ажиллаж байна. Үүний тулд Сэргээгдэх эрчим хүчний хуулиндаа өөрчлөлт оруулахаас өөр аргагүй болсон.

Тухайлбал, Сэргээгдэх эрчим хүчний хуульд нарны эрчим хүчнээс үүсэлтэй нэг кВт цахилгааны үнийг 15-18 центээр худалдаж авна. Салхины эрчим хүчнээс гарсан цахилгааныг 8-9.5 центээр худалдаж авна гэж заасан байдаг.

Нэгэнт хуульд ингэж заасан тул энэ хүрээнд л тариф баталж байгаа. Гэтэл өнөөдөр дэлхийн бусад улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтын үнийг эрс бууруулсан.

Манай хуулинд заасан тарифаас хоёр дахин бага байдаг. Ингэхээр бид хуулинд байгаа үнийг бууруулж, дэлхийн жишгийн дагуу өрсөлдөөнт зах зээлийг бий болгож, нар, салхины эрчим хүчний тусгай зөвшөөрөл олгодог тогтолцоо руу шилжихээр болсон.

Хуулийн төслийн шинэчилсэн найруулга бэлэн болсон. Удахгүй өргөн барина. Ингэснээр сэргээгдэх эрчим хүч манай улсад хөгжинө. Монгол сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц бий. Гэвч манай зах зээл жижиг тул бид түүнийг ашиглаад дуусахгүй.

Тиймээс сэргээгдэх эх үүсгүүр барьж байгуулж, цахилгаан эрчим хүч үйлдвэрлээд экспортлох нь хамгийн зөв зам юм” гэсэн юм.

Манай улсын хэмжээнд нийтдээ 143 МВт-ын хүчин чадал бүхий зургаан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байна. Үүнээс гадна нийтдээ 1200 МВт-ын хүчин чадал бүхий нар, салхины эх үүсвэр барьж байгуулахаар 34 тусгай зөвшөөрөл авсан байна.

Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадал 1293 МВт байдаг. Гэтэл суурилагдсан хүчин чадалтай тэнцүү хэмжээний цахилгаан үйлдвэрлэх сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр барьж байгуулах тусгай зөвшөөрөл хөрөнгө оруулагчдын гар дээр байна.

Сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж экспортлох зайлшгүй шаардлагатай хэмээн ярьж байлаа.

Тиймээс өмнө дурдсанчлан нар, салхиар эрчим хүч үйлдвэрлэн экспортлох боломжийн тухай форумын үеэр дотоод, гадаадын төлөөлөгчид дурдаж байв.

Б.Жигжид

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here