Нүүр хуудас Эдийн засаг Туул голоо аваръя.

Туул голоо аваръя.

230
0

eacd316ecee513e3ff2b4e0304c44875_large
Туул голын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, “түүх” болох цаг ойрхон болсон тухай нийслэлчүүд, албаныхан, судлаач, эрдэмтэд ярьдаг ч бохирдлыг нь багасгах, бохирдуулагчдад нь хариуцлага тооцох, таслан зогсоох ажил бараг хийгдэлгүй өнөөг хүрч буй билээ. Бараг хийгдэлгүй гэсний учир нь үе үеийн БОАЖ-ын сайд, нийслэлийн Засаг дарга тэргүүтэй шийдвэр гаргах түвшнийхэн Туул голыг хамгийн ихээр бохирдуулагч “Харгиа” тэргүүтэй цэвэрлэх байгууламжууд, арьс, ширний үйлдвэрүүд, барилгын компаниуд, хайрга олборлогчид, Туул голын эрэг дагуу энгийн болон тусгай хамгаалалтын бүс зөрчин барилга байшин баригч эрх мэдэлтнүүдэд дахиад хууль бус зүйл хийх зүрхгүй болтол нь зангарагтай хариуцлага ногдуулж, бусдад нь үлгэрлэхийн зэрэгцээ бурууг нь номхруулсан удаа үгүй. Төлөвлөгөөт шалгалт төдийгөөр аргацааж, мөнгөн торгууль, хэд хоног үйл ажиллагааг нь зогсоох зэргээр л Туул голыг хамгаалж ирсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэхдээ энэ байдал засгаас засаг, сайдаас сайдын хооронд үе дамжин бахь байдгаараа үргэлжлээд л байх хэрэг үү. Туул гол бохирдож, түүний хөвөө дагуу суурьшсан таван аймгийн 37 сумын хүн ард, мал, амьтад, ургамал хордсоор л байг уу. Энэ асуултад хариулт авахаар БОАЖЯ-ыг зорьлоо.

Уу булангаас Орхонтуул хүртэл бохирджээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2014 онд гаргасан мэдээллээр дэлхийн хамгийн их бохирдсон голуудын тавдугаарт Туул гол орсон байна. Харин Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори Улаанбаатар хот орчимд Туул голын дагууд 13 цэгээс сар бүр тогтмол усны сорьц авч, чанарын хяналт тавьдаг гэнэ. Өнгөрсөн оны эхний найман сарын байдлаар Туул голын хотоос дээш цэгүүдэд усны эрдэсжилт 50- 60 мг/л, хүчилтөрөгчийн горим болон бусад бохирдуулах бодис хэвийн, харин хотын төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн бохир ус нийлснээс доош Доод Сонгиноос Алтанбулаг хүртэл усны эрдэсжилт 10-15 дахин нэмэгдэж 550-830 мг/л-т хүрч, хүчилтөрөгчийн горим алдагдан голын усны чанар эрс муудсан үзүүлэлттэй гарчээ. Ингэхдээ Туул голын усны чанарт өөрчлөлт орж буй газруудын байршлыг дараах байдлаар тодорхойлсон байна. Нэгдүгээрт, Туул гол нь Нэргүй, Номин голын уулзвар буюу Туул голын эхээс Уубулан хүртэл 167 км маш цэвэр, хоёрдугаарт, Уу булангаас (Голын дагуух жуулчны баазууд, Гордокын цэвэрлэх байгууламжийн бохир ус, Налайхын цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлэх хэсгээс) эхлэн Сонгины булан хүртэл 60 км бага бохирдолтой, гуравдугаарт, Сонгиноос (Төв цэвэрлэх байгууламжийн бохир ус нийлсэн хэсгээс) Алтанбулагийн гүүр хүртэл 40 км маш их бохирдолтой, дөрөвдүгээрт, Алтанбулагийн гүүр орчмоос Заамар хүртэл 350 км бохирдолтой, тавдугаарт, Заамараас (Заамарын уул уурхайн олборлолт эхэлж байгаа хэсгээс) Орхон голд цутгах хүртэл 100 км бага бохирдолтой гэж тодорхойлжээ. Эндээс Туул гол Тэрэлжийн Уу булангаас эхлэн бохирдож эхэлж байгаа нь тодорхой байгаа юм. Түүнчлэн Туул голын усны чанарын хяналт шинжилгээний ажлын сүүлийн 10 жилийн (2006-2016) үр дүнгээс харахад Туул голын эхээс адаг хүртэл (Уу булангаас Орхонтуул) урсгалын дагуу усны чанарын индекс буурч “Цэвэр”-ээс (95-81) “Бага бохирдолтой” (80-66), “Бохирдолтой” (65-46) ангилалд тус тус шилжиж усны чанар муудсан гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

Бохирдуулагчдыг дахин зарлая

БОАЖЯ-ны холбогдох албаныхан Туул голыг бохирдуулагчдыг ийн зарлаад удаж буй. Гэхдээ Туул голыг бохирдуулахаа зогсоох хүртэл тэдний нэрийг дуудсаар байх нь зүй юм. Нэгдүгээрт, Цэвэрлэх байгууламжууд. Улаанбаатар хотод 2016 оны байдлаар арьс, шир боловсруулах 27, ноос ноолуур боловсруулах 27, өлөн боловсруулах 16 үйлдвэр байгаа ба эдгээр үйлдвэрээс нэг хоногт химийн бохирдолтой 2500-4500 шоо метр бохир ус Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа нь стандартын түвшинд бохирыг цэвэрлэх боломжгүй болгодог. Хоёрдугаарт, Туул голын дагууд ашигт малтмал олборлогчид нөхөн сэргээлт хийхгүй орхиж байна. Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн мэдээллийн сангийн мэдээллээр Туул голын сав газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 331 нэгж талбар, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 130 нэгж талбар байгаа бөгөөд эдгээрээс ашиглалтын 44, хайгуулын зургаан талбай нь Туул болон түүний цутгал голуудын хамгаалалтын бүсэд орсон байна. Туул голын сав газрын захиргаанаас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож нөхөн сэргээлт хийлгүй орхисноос10 га талбай эвдэрсэн байгааг тодорхойлсон байдаг. Гуравдугаарт, Туул голын бохирдол, экологийн орчны доройтолд сөргөөр нөлөөлж буй гол хүчин зүйл нь голын дагуух газар ашиглалт юм. Нийслэлийн газрын нэгдмэл сангийн ангиллаар хот, тосгон бусад суурингийн газар 2000 онд 21674.3 га байсан бол 2009 онд 41084.5 га болж нэмэгдсэн ба үүний 32 хувийг эзэлж буй гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүх нь гадаргын болон хөрсний усыг бохирдуулагч бас нэгэн хүчин зүйл болж байна. Дөрөвдүгээрт, Шар усны үер болон хур борооны усаар хотын үерийн суваг, хуурай сайр, голын татам, гуу жалганд хуримтлагдсан хог хаягдал урсан ирж, Туул голд нийлж байгаа нь голын бохирдолд тодорхой нөлөө үзүүлэх боловч энэ талаар нарийвчилсан судалгаагүй байна. Тавдугаарт, Дулааны улиралд Туул гол нь иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөх, аялал зугаалгын гол бүс болдог. Энэ үеэр иргэд машинаа голд угааж, хог хаягдлаа ил задгай хаяж эрэг орчмыг бохирдуулдаг. Мөн хотын ойролцоох Туулын бургасанд шашны зан үйлээр хийморийн дарцаг, хадаг их хэмжээгээр уяснаас бургасны ургалт зогсож, үхжилт үүсэж байгаа нь орчны бохирдол үүсгэх шалтгаан болж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 116 ам километр талбай ойн сан бүхий газарт хамрагддаг ба үүний 10 хүрэхгүй хувийг голын хамгаалалтын зурвасын ой буюу татмын ой эзэлдэг байна.

Туул голыг аврахын тулд тэд юу хийж байна вэ

Дээрх асуултад тус яамны мэргэжилтнүүд ийн хариуллаа. Хамгийн түрүүнд Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардага хангахуйц хэмжээнд цэвэрлэх хүчин чадал, дэвшилтэт технологи бүхий шинэ цэвэрлэх байгууламж барих хэмээн онцолж байв. Мөн 1995 онд батлагдаж 2004, 2012 онд шинэчлэн найруулсан Усны тухай хуульд усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж хэрэгжүүлэх чиг үүргийг бүх шатны Засаг дарга нар хариуцахаар заасан боловч, хуулийн энэ заалт хэрэгжихгүй өнөөг хүрсэн. Гол “хамгаалах эзэнгүй” байсан нь голын бохирдол, доройтлын нэг шалтгаан гэж хэлж болохоор байна. Голын хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, хяналт тавих, гарч байгаа зөрчлүүдийг таслан зогсооход Сав газрын захиргаа голлох үүрэгтэй оролцдог. Иймээс голын хамгаалалтын бүсийн хяналтыг Сав газрын захиргаадад хариуцуулах эрх зүйн тогтолцоо бий болгох ёстой гэлээ. Түүнчлэн Туул голын хамгаалалтын бүсэд нэмж газар олгохгүй байх, нэгэнт бий болсон суурьшлын бүсэд үерийн хамгаалалтыг цогцоор шийдэх, газар болон усны нөөц ашиглалтад онцгой албан татвар ногдуулах эрх зүйн орчин бүрдүүлэх, нийслэлийн суурьшлын бүс дэх голын голдирлыг далангаар хязгаарлан, эргийн тохижилт хийж, гэр хорооллын хашааны стандартыг тогтоож, мөрдүүлэх байдлаар усны сан бүхий газрын хамгаалалтын бүс түүний дэглэмийг хэрэгжүүлэх журамд тусгайлсан эрхзүйн зохицуулалт хийх нь зүйтэй гэж байв. Үүнээс гадна Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүдийг хотоос яаралтай гаргах, зөрчил илэрдэг хэсгүүдэд камержуулалт хийх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлж, тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, Туул голын эх хэсэгт Ус үндэсний хөтөлбөр, болон бусад үндэсний хөтөлбөрүүдэд заасны дагуу олон жилийн тохируулга бүхий ус хуримтлуулах боомт барих төслийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа гэж байлаа. Энэ бүхнийг хэрэгжүүлж, мөрдүүлж чадвал Туул гол цэвэр тунгалаг болно гэсэн үг. Гэхдээ эдгээрийг биелүүлэхийн тулд шат дараат төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй гэнэ. Үүний нэг нь Хатан Туул хөтөлбөр.

Хатан Туул II хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 203 дугаар тогтоолоор “Хатан Туул” хөтөлбөрийн I шатны ажлын төлөвлөгөөг баталсан байдаг. Хөтөлбөр нь Туул голын усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, бохирдлыг бууруулах чиглэлээр дунд хугацаанд боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлэн ус хангамжийг хэвийн байлгах, нөөцийн зохистой ашиглалт бий болгох, бохирдлыг хүлцэх хэмжээнд нь хүртэл цэвэршүүлэх замаар Туул голын сав газарт оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг ханган баталгаажуулах гэсэн үндсэн найман зорилттой. Зорилтуудын хүрээнд 29 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан байдаг аж. 2012-2016 онд хэрэгжэнэхүү хөтөлбөрийн 29 үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Концессын гэрээний дагуу гаргах хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хандив, тусламж болон төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлсэн байна. БОАЖЯ, ТГСГЗ-аас энэхүү хөтөлбөрийн биелэлтийг 69.29 хувийн гүйцэтгэлтэй хэмээн дүгнэсэн байна. Өдгөө уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр II шатны төлөвлөгөөг ажлын хэсгийнхэн боловсруулж байгаа юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here