Нүүр хуудас Эдийн засаг Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцлээ

Цагдаагийн албаны тухай хуулийг хэлэлцлээ

156
0
Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг байнгын хорооны хуралдаанаар Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийн үеэр завсарлага авсан юм. Харин байнгын хорооны хуралдааны дараа Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг хуралдаж, уг асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийн ажлын хэсгээс шаардлагатай тодруулга, мэдээллээ авсан хэмээн үзсэн тул байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх болсныг Хууль зүйн байнгын хорооны дарга хуралдааны эхэнд дуулгалаа. Ийнхүү Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр /2017.01.31/ үдээс хойш үргэлжлүүлэн хуралдаж, 2016 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг тус Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Нямдорж уншиж танилцуулсан юм.
Үргэлжлүүлэн ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд зарим саналтай холбогдуулан байр сууриа илэрхийлж, ажлын хэсгээс тодруулан, тайлбар авч байлаа. Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй нийт 91 саналын томьёолол, хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслийн талаар гаргасан 5 саналын томьёолол бэлтгэжээ. Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Байнгын хорооны хуралдааны үеэр саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулсан юм.
Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтын “саатуулах” гэсний өмнө “эрүүлжүүлэх,” гэж нэмж, 14.3.6 дахь заалтын “13.1.7-д” гэснийг “13.1.7, 13.1.8-д” гэж өөрчилж, 32 дугаар зүйлийн 32.3.2 дахь заалтын “эрүүлжүүлэх,” гэсний дараа “, түр саатуулах” гэж нэмэх гэж өөрчлөх санал дэмжлэг авсан. Түүнчлэн төслийн 16 дугаар зүйлд “16.6 Засаг дарга тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын даргыг албаны орон сууцаар хангах арга хэмжээ авна” гэсэн агуулгатай 16.6 дахь хэсэг нэмэх, төслийн 21 дүгээр зүйлийн 21.1.15 дахь заалтыг “цагдаагийн байгууллагын гүйцэтгэх ажлын төсвийг төлөвлөх, Улсын Их Хурлын тусгай хяналтын дэд хороогоор хянуулах, батлагдсан төсвийг захиран зарцуулах;” гэж өөрчлөн найруулах, төслийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн “Эзэмшигч, оршин суугч зөвшөөрөл өгөөгүй нь бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх үндэслэл болохгүй” гэсэн агуулгатай хоёр өгүүлбэрийг хасах зэрэг саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн тус хуулийн төслийн “Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох” тухай 46 дугаар зүйлийн 46.5 дахь хэсгийг “46.5.Хүүхэд өөрийн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүчирхийлэлд өртсөн бол тэдгээрийн саналыг харгалзахгүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн дараахь арга хэмжээг авна;” гэж өөрчлөх, Цагдаагийн алба хаагчид хориглох зүйлийн талаарх 70 дугаар зүйл, Цагдаагийн цолны талаар 74 дүгээр зүйл, Цагдаагийн цол олгох 76 дугаар зүйлийн зарим заалтыг өөрчлөн найруулах, хасах тухай ажлын хэсгээс гаргасан саналын томьёоллуудыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Үүний дараа байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд зарим гишүүдийн шинээр гаргасан саналуудыг Ажлын хэсэг дээр дахин ярилцах нь зүйтэй гэж үзсэн.
Байнгын хорооны энэ удаагийн хуралдааны төсгөлд Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцох Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн Н.Учралыг томиллоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here