Нүүр хуудас Эдийн засаг Шинэ сайд Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ гэв

Шинэ сайд Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ гэв

230
0

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Цэрэнпилийн Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар томилох эсэх асуудлыг хэлэлцээд түүнийг 89.4 хувийн саналаар батламжиллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “Арван аймагт Дулааны станц барихад анхаарч, ажлыг нь эрчимжүүлж өгөөрэй. Хоёрдугаарт ахмадуудын цахилгааны хөнгөлөлтөд зөвхөн Улаанбаатарынхан хамрагддаг. Орон нутгийн ахмадуудыг хамруулж өгөөч” гэхэд нэр дэвшигч Ц.Даваасүрэн, “Солонгос Улсын “Эксим” банкны туслалцаатай 10 аймагт Дулааны станц барихаар болсон. Одоо үйл ажиллагаа нь эрчимжиж байгаа. Энэ оны 7 дугаар сард тус “Эксим” банкныхан манай улсад ирж ажилласан. Энэ ажлыг түргэтгэх тал дээр анхаарна. Ахмадуудын цахилгааны хөнгөлөлт дээр мөн анхаарья” хэмээн хариулав.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Эгийн голын УЦС-ын ажил эхлэх үү. Тавдугаар ЦС-ын ажил хэрхэх вэ. Сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн бий болгож, цахилгааны өртгийг хэрхэн тооцох вэ. Танай яаманд мэргэжлийн бус 60 хүн байна гэсэн. Та ажиллагсдад шалгуур тавих уу, бие даагч байхдаа Оюутолгойг нэлээн шүүмжилсэн. Одоо сайд болсноор цахилгааныг нь Хятадаас биш Монголоос авдаг болгох уу. ЦС-уудад шалгалт оруулж, шахааны бизнес хийж байгааг эсэхийг шалгах уу” гэсэн асуудлыг тодруулсан.
Эл асуултад нэр дэвшигч Ц.Даваасүрэн, Эгийн голын УЦС нь манай улс бие даасан цахилгааны эх үүсвэртэй болоход маш чухал үүрэгтэй. Төслийн өртөг 827 сая ам.доллар юм билээ. Монгол Улс бие даасан цахилгааны эх үүсвэртэй болохын тулд энэ төслийг явуулах хэрэгтэй. Одоо байгаа эрчим хүчний системээр бол Оюутолгойг цахилгаанаар хангах боломжгүй. Яаманд 60 мэргэжлийн бус хүн байгаа гэлээ. Би очоод шалгана. Аль болох мэргэжлийн хүн ажиллуулна. ДЦС-ын зардал өсч байгаа шалтгааныг судална” хэмээв.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, “Өмнөх Засгийн газрын үед Улаанбаатарын 12 мянган өрх цахилгаангүй байсны 8000-ыг нь эрчим хүчинд холбосон. Одоо 4000 айл өрх үлдээд байгаа шүү” гэхэд нэр дэвшигч Ц.Даваасүрэн, “Өвөл болж байна. Дулааны найдвартай үйл ажиллагааг хангах үүрэг ногдож байгааг ойлгож байна. Улаанбаатарын 68 уурын зуухыг нэгдсэн дулаанд холбох ажил эхэлснийг үргэлжлүүлнэ. Энэ нь хотын утааг бууруулах чиглэлд дөхөм болно. Ер нь орон нутгийг орон сууцжуулах хэрэгтэй. Тэгвэл утаа ч, түгжрэл ч буурна” гэлээ.
УИХ-ын гишүүн Элдэв-Очир, “Эрчим хүчний томоохон төслийг нэг мөр ойлголтод оруулах хэрэгтэй. Үүний зэрэгцээ шөнийн тарифыг тэглэх нь яваандаа эрсдэлтэй. Үүнд мэргэжлийн дүгнэлт гаргуулах хэрэгтэй” гэсэн байр суурьтай байгаагаа хэлэхэд нэр дэвшигч Ц.Даваасүрэн, “Бид шөнө гэрэл чийдэнгээ унтраахаар ОХУ руу илүүдэл эрчим хүчээ нийлүүлдэг. Ер нь эрчим хүчээр дулааны асуудлаа шийднэ гэдэг бол хүндрэлтэй. Урт хугацаандаа Улаанбаатарын төвлөрлийг задлах, орон нутгийг орон сууцжуулах зэрэг гарцыг хайх хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн А.Сүхбат, “Сэргээгдэх эрчим хүчний тухайд ямар бодлого барих вэ. Улаанбаатар гэлтгүй орон нутгийнхан сэргээгдэх эрчим хүчтэй болох уу” нэр дэвшигч Ц.Даваасүрэн, “Сэргээгдэх эрчим хүчийг дэмжинэ. Үүн дотроо үнэ тариф нь өндөр болох гээд байгаа асуудлыг бодолцох хэрэгтэй” гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, “Говь-Алтай аймгийн Алтай сум эрчим хүчинд бүрэн холбогдоогүй. Баруун аймгийг эрчим хүчээр холбохгүйгээр үйлдвэрлэл хөгжихгүй байна. Дулаан-цахилгааны хосолсон станцыг барихад концессын эрх нээж өгөөч” гэсэн саналаа хэллээ.
Товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил

1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль
1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр
1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Ажилласан байдал

1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер
1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн
1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга
1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга
2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга
2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга
2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн зөвлөх
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here