Нүүр хуудас Эдийн засаг “Тайшир өргөө” ХХК үржүүлгийн чиглэлээр дагнан, ААН, малчдад шилмэл үүлдрийн хонь нийлүүлнэ.

“Тайшир өргөө” ХХК үржүүлгийн чиглэлээр дагнан, ААН, малчдад шилмэл үүлдрийн хонь нийлүүлнэ.

1507
0

Тайшир өргөө” ХХК  Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос гэсэн дөрвөн төрлийн шилмэл үүлдрийн 657 хонь  тусгай зориулалтын ачааны онгоцоор авчирлаа. ХХААХҮЯ-наас “Малын чанар сайжруулах жил”-ийн ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юм. МХЕГ-аас шинжилгээнд хамруулж “Тайшир өргөө” ХХК албан ёсоор хүлээн авч зөвхөн үржүүлгийн чиглэлээр дагнан, ААН, малчдад шилмэл үүлдрийн хонь нийлүүлэх замаар ажиллахаар төлөвлөжээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга уг шилмэл үүлдрийн хоньдыг “Буян-Ухаа” нисэх онгоцны буудалд буух үеэр “Монгол Улсын Засгийн газраас “Мах сүүний аян” зарласан. Энэ аяны хүрээнд ХХААХҮЯ-наас 2017 оны “Малын үүлдэр угсаа, чанарыг сайжруулах жил” болгон зарласан байгаа. Уг зорилтот ажлын хүрээнд эхний ээлжинд өнөөдөр Франц улсаас дөрвөн төрлийн шилмэр үүлдрийн хонь оруулж ирлээ. Мах, үржүүлэг, нарийн ноосны чиглэлээр орж ирсэн эдгээр хоньдыг цаашид эрлийзжүүлэх, дагнан гаршуулах чиглэлд салбар яам анхааран ажиллана. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын малын тоо эрчимтэй өсөж байгаа ч чанарыг сайжруулах шаардлага тулгарсаар байна. Энэ орон зайг тодорхой хүрээнд нөхнө гэж харж байна. Бэлчээрийн даац хүндэрч байгаа тул нэг малаас гарах мах, ноосны чанарын хэмжээнд зайлшгүй анхаарах хэрэгтэй байгаа юм” хэмээн тодотголоо.

Франц улсаас тусгай мэргэжилтнүүд даган ирж, гаршуулан суурьшуулах чиглэлд салбарын мэргэжилтнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх юм байна Дэлхийн алдартай эдгээр шилмэл үүлдрийн хоньдыг “Буян-Ухаа” нийсэх онцгоцны буудалд газардах үеэр Франц улсын GEODE хонины хоршооллын Үржил, селекци хариуцсан ТУЗ-ийн дарга Берлондоос дараахь тодруулгыг авлаа.

-Өнөөдөр бид анх удаа Монгол Улсад дөрвөн төрлийн шилмэл үүлдрийн хоньд авчирч буйдаа баяртай байна. Манай байгууллага нь 250 ААН, малчдыг нийлүүлсэн хоршоолол юм. Бид Франц улс даяар 12 төрлийн хонины үүлдэр, селекцийг хариуцдаг томоохон хоршоологч. Өнөөдөр эдгээр хоньдыг хүлээлгэн өгөхөөр байгууллагаас хоёр мэргэжилтэн ирээд байна. Бидний үүрэг малаа монголчуудад хүлээлгэн өгөхөөс гадна салбар яам дээр эдгээр хоньдыг хэрхэн өсгөх, юун дээр голчлон анхаарах зэрэг асуудлын хүрээнд сургалт зохион байгуулж мөн  эдгээр хоньдыг сонирхож буй ААН, иргэдэд ферм дээр нь сургалт зохион байгуулах юм. Эдгээр хоньдыг худалдсан гээд орхичихгүй. Шаардлагатай үед зөвлөгөө, тусламжаа үзүүлээд явна. Бас монгол малчид Франц улсад туршлага судлахаар очих юм. Бид 12 төрлийн үүлдрээсээ хамгийн тэсвэртэй, Монгол орны цаг агаарт тохирохуйц дөрвөн үүлдрийг сонгон авч, өнөөдөр нийлүүлтээ хийж байна. Эдгээр дөрвөн үүлдэр нь бэлчээрлэх бололцоотой. Нутгийн үүлдэртэй эрлийзжүүлэлтэд орох бүрэн боломжтой юм. Нутгийн үүлдрүүдтэй эдгээр хоньдыг эрлийзжүүлснээр малын ашиг шим нь илүү нэмэгдэх боломж үүснэ.

ОХУ-ын  эрс тэс уур амьсгалтай Сибирийн нутгаас гаралтай Роман үүлдрийг Франц улсад бид олон жилийн турш нутагшуулсан. Ингэснээр цэвэр үүлдрийн Романов хонь бий болж, Монгол Улсад өнөөдөр ирээд байна. Энэ хоньдыг бид Монгол орны эрс тэс уур амьсгалд маш сайн зохицно гэж харж байгаа. Эдгээр хоньд нь дэлхийд танигдсан, яг цэвэр үүлдэр гэдгээрээ ихээхэн онцлогтой юм. Монгол орны эрс тэс уур амьсгалд гаршуулан дасгах замаар нутгийн үүлдэрүүдтэй эрлийзжүүлэлтэд оруулснаар эдийн засгийн хувьд өндөр үр өгөөж өгнө гэдгийг дахин онцолмоор байна.

РОМАНОВ ҮҮЛДЭР: Зуун хувь ихэр төл өгдөг. Төллөх бүрдээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг Романов эм хониндоо Суффольк хуц тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл гарган авч, хавар гарсан хургаа намар 60 кг хүргэж борлуулах боломжтой гэж онцолж байв. Ингэхдээ бэлчээрээр дөрвөн сар идээшлүүлж, хоёр сар тэжээх шаардлагатай юм байна.

СУФФОЛК ҮҮЛДЭР: Дэлхий нийтэд махны чиглэлээр энэ үүлдэр нэгэнт танигдсан тул шууд байдлаар экспортлох бүрэн боломж бүрдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Суффолк үүлдрийн эр хонины амьдын жин 120-140 кг, эм хониных нь 70-90 кг татдаг байна. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг юм байдаг аж.

МЕРИНОС ҮҮЛДЭР: Нэгдэлжилтийн үед манай улс  ОХУ-аас нарийн ноосны чиглэлээр  хэд хэдэн үүлдэр нутагшуулж байсан . Тэр үед  нарийн болон нарийвтар ноостой Хангай, Ерөө, Орхон, Тал нутгийн цагаан гэхчилэн үүлдрүүд бий болгож байжээ. Эдгээр үүлдрүүдээс жилд 1500 тонн нарийн ноос бэлтгэж, даавуу хийх зориулалт бүхий Нэхмэлийн үйлдвэр ажиллуулдаг байсан. Тэжээл, бэлчээрийн нөхцлийг хангаж чадахгүйгээс үүдэн хаагдсан эдгээр үйлдвэр, үүлдрийн аж ахуйг сэргээх зорилгын хүрээнд уг үүлдрийг оруулж ирж буй. Уг Меринос үүлдэр нь дан ганц нарийн ноос гэхгүй, махны ашиг нь ч өндөр юм байна. Меринос эр хонины амьдын жин 130, эм хониных нь 80 кг татдаг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг хүрдэг  аж.

БЕРИЧОН ДУШЕР: Уг үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг байна. Өөрөөр хэлбэл, Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шимээ өгдөг . Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 гр-аар жин нь нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг  хүрдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here