Нүүр хуудас Эрүүл мэнд Хорт хавдрын тохиолдлын 80 орчим…

Хорт хавдрын тохиолдлын 80 орчим…

643
0
Хорт хавдрын тохиолдлын 80 орчим...
Хорт хавдрын тохиолдлын 80 орчим...

Хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувийг эрт илрүүлэх боломжтой
Хорт хавдрын тохиолдлын 80 орчим хувийг эрт илрүүлэх боломжтой ч иргэд хожуу шатандаа оношлогдож байна

Өнөөдөр манай улсад жилд дунджаар 4000-5000 хүн энэ өвчнөөр хорвоог орхиж байна.

Хавдар судлалын үндэсний төвөөс ирүүлсэн мэдээллээр 2016 онд 5991 хүн хорт хавдраар өвчилж, 4112 хүн нас баржээ.
Нийт хорт хавдрын 70 гаруй хувийг элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.
Гэтэл хавдрын тохиолдлын 80 орчим хувийг эрт илрүүлж, хорт хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлэх боломжтой ч харамсалтай нь иргэд 3, 4-р шатандаа оношлогдож байгаа юм.
Одоогийн байдлаар зөвхөн эмнэлэгт оношлогдож, хорт хавдартай гэдэг нь тогтоогдсон 15,000 гаруй хүн бүртгэлтэй байна.

Тэгвэл хорт хавдраар оношлогдсон л бол үхэх нь гарцаагүй гэдэг ойлголт хэдий нь ард хоцорсон. Гагцхүү хорт хавдрын шинжилгээг тогтмол өгч, эрт илрүүлж чадвал энэ нь үхэл биш, харин бүрэн анагаах боломжтой өвчин юм гэдгийг мэргэжлийн эмч нар онцолж байна. Тиймээс хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог улс орон даяар нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай тулгараад байгаа юм.

Иргэдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эрт илрүүлэх шинжилгээнд хамрагдах нь хамгийн чухал. Тухайлбал элэгний в,с вирусын шинжилгээ өгөх, ЭХО-д харуулах, ходоодны шарх, хавдар үүсч байгаа эсэхийг тодорхойлохын тулд дурандуулах, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд эсийн шинжилгээг хийлгэх боломжоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагууд хангадаг. Гэтэл иргэд жилдээ нэг л удаа эмнэлэгт очиж шинжилгээ хийлгээгүйнхээ төлөө хавдраар өвчилж, эцэст нь хамгийн сүүлийн шатандаа оношлогдож байна.

Тухайлбал умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх шинжилгээний улсын дундаж 40-44 хувьтай байна. Харамсалтай нь эмэгтэйчүүд гурван жилд нэг л удаа хамруулдаг эсийн шинжилгээ өгөхөө мартдаг, эсвэл шинжилгээ хийлгэсэн ч үр дүнд нь төдийлөн анхаараагүйгээс болж эцэст нь хавдраар өвчилсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл эмэгтэйчүүд нэг удаа урьдчилан сэргийлж, шинжилгээ өгөөгүйнхээ төлөө умай хүзүүний хавдрын эмчилгээ үйлчилгээнд дунджаар 11,2 сая орчим төгрөг зарцуулдаг юм байна.

Харин ходоод дурандах эмнэлгийн тусламж үйлчилгээ орон нутагт хангалтгүйгээс иргэд заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах, цаг хугацаа алдах зэрэг асуудалтай тулгардаг. Тиймээс хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор заавал иргэд хотод ирж ходоодоо дурандуулахгүйгээр өөрийн оршин суугаа орон нутагтаа энэ чиглэлийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авах боломжоор хангаж байгаа талаар Хавдар судлалын үндэсний төвөөс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here