Нүүр хуудас Эрүүл мэнд Өнөөдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиож байна 

Өнөөдөр “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” тохиож байна 

277
0
Autism
Өнөөдөр "Аутизмыг таниулах дэлхийн өдөр" тохиож байна 
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 2-ны өдрийг  “Аутизмыг таниулах дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ хүрээнд бид та бүхэнд аутизм өвчний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Гурван настай хүү эмнэлэг, дэлгүүр, хоол, цайны газар, үзвэр үйлчилгээ, айл хөршөөр явахад тасралтгүй уйлж гэртээ харъя гэдэг байсан. Хуруугаараа заахын оронд том хүний гараас барьж хүссэн зүйл рүүгээ очдог. Толгойгоо дохих, сэгсрэх гэх мэтийн энгийн дохионуудыг огт хэрэглэдэггүй. Тоглоом сонирхдоггүй, төсөөлж тоглодоггүй, зөвхөн бөмбөгөнд дуртай.

Нэрийг нь дуудахад яах гэж байгаа юм бол гэж эргэж харахгүй, харин ямар нэг сонирхлыг нь татсан зүйл хэлэхэд л эргэж хардаг. Тэгсэн хэрнээ хоёр насандаа 1-10 хүртэлх тоо, 35 үсэг, үндсэн өнгө, дүрсүүдийг бүгдийг нь ганц хэлүүлээд сурчихсан, тэрийгээ л зурна, тэрийгээ л эвлүүлнэ, түүнээ л харна, сонирхоно.

Бас ой тогтоолт маш сайн. Хоёр насандаа дуу, шүлэг дор нь цээжилчихнэ. Гэхдээ их өвөрмөц аргаар цээжилдэг. Үлгэрийг анх ярьсан тэр л хэлбэрээр тогтоогоод, дахиж яриулахдаа яг тиймээр нь л яриулдаг. Шүлгийн утгыг ойлгохгүй ч сайн цээжилнэ. Тэгэхдээ анх ямар байдалтай сууж байгаад цээжилсэн яг тэр орчиндоо орж суугаад уншдаг. Үгийн баялаг маш сайн боловч үгээ амьд яриа болгож хэрэглэдэггүй. Асуулт хэлбэрээр хүсэл хэрэгцээгээ хэлдэг буюу асуултад хариулахдаа асуултыг давтаж хариулдаг байсан. Нэг хүүхэлдэйн киногоо, видео бичлэгээ өдөрт хэдэн ч удаа, хэдэн сарын турш үзнэ. Нэг дуртай дуугаа бас мөн адил.

Бас нэг шинж бол алдаанаасаа суралцаж хаширлах чадвар их сул, аюулын тухай ойлголт муутай байсан. Зарим дуу чимээ, дүрсээс маш их айна. Иддэг хоолных нь сонголт маш цөөн. Энэ бол аутизм өвчтэй хүүхдийн шинж. Зарим эмч нар энэ өвчнийг буруу эрхэлсний шинж гэх мэтээр тайлбайрладаг.

Гэвч үнэндээ энэ бол сүүлийн үед манай улсад нэмэгдэж буй аутизм өвчин юм.

Аутизм гэж амьдралын эхний гурван жилийн дотор илэрдэг, уураг тархины хэвийн хөгжил саатсанаас үүсэх нийгэмшихүйн болон хэл ярианы хөгжлийн эмгэг гэж тайлбарлаж болох юм. Сүүлийн 20 гаруй жил энэхүү эмгэгийг дэлхий даяар хамгийн их ярьж, бичиж байна. Бидний хувьд олонх маань аутизм өвчний талаар бараг ойлголтгүй байдаг. Зарим судлаач аутизмыг “орчноос тасрах эмгэг”, “зожигрох эмгэг”, “бусдаас өөрийгөө тусгаарлах өвчин” зэргээр орчуулсан нь ч бий.

АНУ-д 88 хүүхдийн нэг нь аутизм өвчтэй гэсэн хамгийн сүүлийн үеийн тоо баримт байна. Энэ өвчнөөр хөвгүүд охидоос дөрөв дахин олон өвчилдөг. Харамсалтай нь энэ хүнд өвчин хурдацтай тархаж байгаа ч шинжлэх ухаан өнөөдрийг болтол шалтгааныг олж тогтоогоогүй байна. Иймд эмчлэн эдгэрүүлэх эм бэлдмэл одоогоор байхгүй гэсэн үг.

Хүүхдийн эмч 18 ба 24 сарын үзлэгээр аутизм өвчнийг илрүүлэх асуумжийг заавал авдаг. Энэ өвчнийг оношлодог шинжилгээ гэж байхгүй бөгөөд зөвхөн мэдлэг ур чадвар, туршлагатай эмчийн асуумж, үзлэгийн үед хийгддэг олон удаагийн ажиглалтаар оношлох боломжтой.

Аутизм өвчин доорх 3 бүлэг шинжээр илэрнэ. Үүнд:

1. Нийгэмшихүйн хөгжлийн хоцрогдол

Нэрээр нь дуудахад харахгүй, сонирхож буй зүйлээ хуруугаараа заахгүй, сэтгэл хөдлөлөө бусадтай хуваалцахгүй (таалагдаж буй зүйлээ аав ээждээ үзүүлэх, уйлж буй хайртай дотны хүнээ аргадах/өрөвдөх), нүүрний хувиралгүй, хүний нүд рүү харахгүй, үеийнхээ хүүхдүүдтэй тоглохгүй/ганцаараа байх дуртай, энгийн команд биелүүлэхгүй, олон зүйл/тоглоом сонирхохгүй зөвхөн ганц тоглоомд “гацах”, хүүхэлдэйгээ хооллох хувцаслах зэргээр төсөөлж тоглодоггүй зөвхөн тоглоомуудаа жагсааж л тоглох, тоглоомын зориулалтаас өөрөөр тоглох (жишээлбэл цүнхэн дотор юм хийж биш цүнхэн дээрээ юм өрж) эсвэл тоглоомноосоо эд ангийг нь салгаж зөвхөн салгасан хэсгээр нь тоглох, шинэ зүйл/орчноос айх, дийлэнх хүүхдүүдийн дуртай төрсөн өдрийн баяр, хүүхдийн парк зэрэгт баярлаж хөөрөхгүй, аав ээжтэйгээ тэврэлдэх/тэврэх, өвөр дээр нь суухыг хүсдэггүй/дургүй, хийж чадахгүй/авч хүрэхгүй байгаа зүйлдээ бусдаас тусламж хүсдэггүй, бусдын хүсэлтэнд туйлын сөргөөр хандах.

2. Хэл яриа, хэллэгийн хөгжлийн хоцрогдол

Хэлд орохгүй, эсвэл хэлд орж эхлээд хэдэн үг хэлдэг байсан чадвараа буцаж алдах, ярихын оронд дуу авиа гаргах, баяртай, баяр хүргэе, гоёо гоёог “хийж” чадахгүй, хүн инээхэд өөдөөс нь инээхгүй, хүний ярьсан энгийн зүйлийг ойлгохгүй, асуултанд хариулахдаа асуултыг давтах, тэс хөндлөн хариулт өгөх, үг холбож /өгүүлбэрээр бус нэг үгээр хариулах, ярианы өнгө нь нэг хэвийн (робот мэт).

3. Нэг зүйлээ давтан хийх /хэлэх, нэг хэвийн давтагдсан хөдөлгөөн хийх, тогтсон зуршлаас салдаггүй

Толгойгоороо санаатай мөргөх, гараа байнга сэгсрэх, хөлөө савчих, доороо эргэлдэх, нэг хүүхэлдэйн киногоо өдөрт хэдэн удаа хэдэн сарын турш үзэх, иддэг хоолны төрөл маш цөөн, үлгэрийг ямар үг хэллэгээр яриулсан яг түүгээрээ л яриулахыг хүсэх, нэг үг өгүүлбэр, үйл явдлын дэс дараа, нэрийг өөрчлөхөд л маш их бухимдаж хямрах, нэг л хувцсаа өмсөх, нэг л замаар явах, нэг л аяганд идэх зэргээр тогтсон зуршлаасаа салдаггүй ба эдгээрийг болон юмсын байрлалыг өөрчлөхөд туйлын ихээр хямрах, өдөржингөө хаалга хааж онгойлгож “тоглох”.

Манай улсад аутизмын тухай ойлголт нийгэмд маш бага байгаа нь тийм өвчнөөр өвчилсөн хүүхдүүдэд сөргөөр нөлөөлдөг. Айл бүр өөр өөрийнхөө замаар, тус тусдаа арга хайж, өөр өөрийнхөөрөө хүүхэдтэйгээ ажиллаж, энэ нь хүүхдийг тодорхой хэмжээнд хөгжүүлэхэд тус нэмэр болж буй хэдий ч тэдгээр хүүхдэд очих газар, хүлээн авч ойлгох нийгэм дутагдаж эхэлдэг байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here