Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерпол болон Олон улсын Авлигын эсрэг Академийн хооронд байгуулсан тус гэрээ нь авлигын гэмт хэрэгтэй тэмцэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах юм.
Дэлхийн бүх бүс нутагт хийгээд нийгмийн бүхий л түвшинд нөлөөлж буй авлигын нөлөөлөл нь ноцтой үр дагавартай бөгөөд улс төр, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг доройтуулж, эцсийн үр дүнд нийгмийн амар тайван, аюулгүй байдалд заналхийлдэг билээ.
Гэмт этгээдүүдийн хууль бус үйл ажиллагаанд авлига авсан төрийн байгууллагын албан тушаалтнууд хамтран оролцож, тусламж дэмжлэг үзүүлж байдгаас болж авлига нь зохион байгуулалалтай гэмт үйл ажиллагаа, мөн түүнчлэн терроризмын үндэс суурийг ч бий болгож байна.
Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток, Олон улсын Авлигын эсрэг Академийн захирал бөгөөд гишүүн орнуудын ассамблейн нарийн бичгийн дарга ноён Мартин Кроетнер нарын үзэглэсэн харилцан ойлголцлын санамж бичиг нь авлигын эсрэг нэгдсэн төсөл, хөтөлбөрүүд, судалгаа, сургалт, боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх юм.
“Авлига нь хууль ёс, ёс суртахууны үнэ цэнэ, шударга ёсыг алдагдуулахаас гадна улс орны тогтвортой хөгжил, бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил цэцэглэлтэд аюул учруулдаг” хэмээн Интерполын Ерөнхий нарийн бичгийн дарга Юрген Шток тэмдэглээд, “Интерпол, Олон улсын Авлигын эсрэг Академийн хооронд байгуулсан тус гэрээ нь дэлхийн өнцөг булан бүрт хүрч тархсан авлига гэх гэмт хэрэгтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагын болон энэ чиглэлээр ажилладаг бусад мэргэжлийн хүмүүсд шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэхэд чухал алхам боллоо” хэмээн дүгнэсэн юм.
Тус гэрээнд заасны дагуу Интерпол болон Олон улсын Авлигын эсрэг Академи нь уулзалт, хурал, семинар зэрэг хамтарсан арга хэмжээнүүдийг Франц, Австри Улс дахь өөрсдийн төв байрандаа болон дэлхийн бусад улс оронд зохион байгуулах юм.
“Олон улсын Авлигатай тэмцэх Академийн зүгээс Интерполтой гэрээ байгуулсандаа туйлын их талархалтай байгаа бөгөөд энэхүү гэрээ нь тус хоёр байгууллагын олон улсын түвшин дэх түншлэлийг бодитойгоор батжуулан бэхжүүлэх болно. Олон улсын Авлигатай тэмцэх Академийн түүхэнд Интерпол үргэлж голлох байр суурьтай байх болно. Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь дэлхий дахинд авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахад ирээдүйд амжилт олохын эх үндэс суурийг тавьж өглөө” хэмээн ноён Мартин Кроетнер хэлсэн юм.
Олон улсын Авлигын эсрэг Академи нь Австри улсын Лаксэнбург хотод байрлах олон улсын байгууллага бөгөөд авлигатай тэмцэх чиглэлээр мэдлэг боловсрол олгох, сургалт дадлага явуулах гол зорилготой ба энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд боломжит бүхий л дэмжлэг үзүүлж ажилладаг байгууллага аж.