Атлантын далайд урьд өмнө нь үзэгдэж байгаагүй Ирма хар салхи үүсэж, замд таарсан улс, үндэстэн бүрт томоохон хэмжээний хохирол учруулан урагшилсаар байна. Хар салхи өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн бяцхан арал Барбудаг дайрч, оршин суугчдын байр сууцны 90 хувийг сүйрүүлэн, үндсэндээ балгас болгосон юм.
Тэгвэл өнгөрөгч бямба гарагт Кубын хойд эргийг дайран өнгөрчээ. Тухайн үед гамшгийн бүсээс нүүгээгүй эргийн оршин суугчид “Салхины чимээ аймшигтай чанга хүнгэнэж, байшингийн дээвэр дээр мод, цахилгааны шон хугаран унаж, басхүү дээврийн мод төмөр хийсэж байсан” хэмээн ярьсан байна.
Харин Карибын тэнгисийн арлуудыг хар салхи дайрахдаа хамгийн сүүлд авсан мэдээллээр 1.2 тэрбум еврогийн эд материалын хохирол учруулж, 25 хүний амь авч оджээ. Асар их хөнөөлт хар салхи АНУ-ын Флорида мужид өчигдөр 21.00 цагийн орчимд хүрчээ. Хохирлын хэмжээ тодорхойгүй байгаа ч, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тус улсын иргэд хэдэн өдрийн өмнөөс авч хэрэгжүүлсэн юм.
АНУ-ын Флорида муж 20 сая хүн амтай. Тэгвэл үүний гуравны нэг буюу 6.3 сая иргэнийг гамшгийн бүсээс аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажиллагаа сүүлийн өдрүүдэд үргэлжилсэн байна. Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллээр Ирма хар салхи чиглэлээ өөрчилсөн тул цаашдаа зөвхөн тус мужид бус, Мексикийн баруун буланд хүрч ч болзошгүй байгаа аж. Гэхдээ албаныхан Флорида мужийн баруун, зүүн булан, Миамигийн өмнөд хэсгээс Куба хүртэлх нутагт ихээхэн хэмжээний хохирол дагуулах урьдчилсан төлөвтэй байна. Тиймээс иргэдийг мужийн хойд хэсэг, хил залгаа орших Жоржиа муж руу нүүлгэн шилжүүлсэн байна. Түүнчлэн, Флоридагийн өмнөд хэсэгт байрлах “Turkey Point” цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахын тулд хоёр генераторынх нь нэгнийх нь ажиллагааг бүрэн зогсоожээ. Мөн тус мужид хүн амаараа гуравдугаарт ордог Тампа хотын цахилгаан түгээх компанийн хэрэглэгчдийн 70 хувь нь эрчим хүч авч чадахгүйд хүрч болзошгүй байна. Өнгөрсөн сард АНУ-ын өмнөд хэсгийг “Харви” хар салхи дайран өнгөрсний улмаас Техас зэрэг мужуудад их хэмжээний хохирол учирсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Ирма хар салхи Флорида муж руу дөхөж буй мэдээлэл гарсан даруйд Засгийн газраа хуралдуулж, гамшгийн үед авах арга хэмжээ хийгээд урьдчилсан бэлтгэл ажлыг бүрэн дүүрэн хангаж ажиллах чиглэл өгчээ.
Хар салхины хүчийг Саффир-Симпсоны хэмжүүрээр таван хэсэгт хуваадаг бөгөөд зэргийн тоо өсөх тусам хүч нь нэмэгддэг:
- Тавдугаар зэрэг: 70 метр/секунд буюу 252 км/цагаас хурдтай
- Дөрөвдүгээр зэрэг: 58-70 метр/секунд буюу 209-251 км/цагийн хурдтай
- Гуравдугаар зэрэг: 50-58 метр/секунд буюу 178-208 км/цагийн хурдтай
- Хоёрдугаар зэрэг: 43-49 метр/секунд буюу 154-177 км/цагийн хурдтай
- Нэгдүгээр зэрэг: 33-42 метр/секунд буюу 119-153 км/цагийн хурдтай.