Их британи улсад үйлчилж буй хуулиар бол парламент нь бүх нийтийн сонгууль болохоос ажлын 25 хоногийн өмнө татан буугдсан байх ёстой. Энэ удаад Ерөнхий сайд Тереза Мэй-гийн санаачилгаар бүх нийтийн сонгуулийг 6 дугаар сарын 8-нд явуулахаар товлож парламентаа тараасан билээ. Товлосон ёсоор Их Британид пүрэв гарагт парламентын ээлжит бус сонгууль болж өндөрлөв. Санал хураалтын урьдчилсан дүнгээр тус улсын Ерөнхий сайд Тереза Мэй тэргүүтэй Тори нам ялалт байгуулаад байна. “ВВС”-гийн мэдээлснээр консерваторууд Нийтийн танхимын 650 суудлаас 314 мандат авчээ. Энэ нь өмнөх сонгуультай харьцуулахад 17 суудлаар бага аж. Тиймээс энэ удаагийн сонгуульд олонхи болох магадлал эргэлзээтэй болоод байна. Учир нь тухайн нам доод тал нь 326 суудал авч байж олонхи болох ёстой. Харин лейбористууд 266 мандат авсан нь 34 суудлаар илүү байна. Мөн Либерал ардчиллынхан 14 суудал бүхий мандаттай болжээ.
Сүүлийн гурван жилийн хугацаанд энэ нь гурав дахь бүх нийтийн санал асуулга болж байна. Өмнө нь 2015 онд парламентын сонгууль явуулж байжээ. Харин 2016 оны зун британичууд Европын холбооноос гарах талаар бүх нийтийн санал хураалт явуулсан бөгөөд 50 гаруй хувийн саналаар дэмжсэн аж.
Харин энэ удаагийн ээлжит бус сонгуульд гол өрсөлдөөн консерваторууд, лейбористууд, либерал ардчиллынхны дунд болжээ.
Их Британид парламентын сонгууль мажоритар тогтолцоогоор явагддаг журамтай. Нийтийн танхимын 650 суудлын төлөө намууд нэг мандаттай тойргоос сонгодог.
Сонгуулийн үеэр 40 мянган санал хураалтын цэг 07.00-22.00 цагийн хооронд ажилласан байна. Мөн аюулгүй байдлыг хангах үүднээс хүчний байгууллагыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулжээ. Санал хураалтад 46.9 сая хүн өгөх эрхтэй байв. Энэ нь 2015 онд болсон сонгуультай харьцуулахад хагас сая хүнээр их байсан байна.