Украйны нисгэгч Александр Акопов мөндөртэй борооны үеэр нисэх онгоцыг аюулгүй газардуулж, 127 хүний амь насыг авран хамгаалсныхаа төлөө төрийн одон медалиар шагнуулжээ. Украины ерөнхийлөгч Пётр Порошенко шагналыг гардуулсан байна.
AtlasGlobal” компанийн “Airbus A320” нисэх онгоц өнгөрсөн долоо хоногт Туркийн Истамбулаас хөөрснөөс 10 минутын дараа гольфын бөмбөгний хэмжээтэй мөндөрт цохигдсон байна. Тухайн үед нисэх онгоц 4000 футын өндөр авсан байсан ба мөндөрт цохигдон урд салхины шил нь цуурснаас нисгэгч гаднах орчныг харах боломжгүй болсон аж. Аюултай нөхцөл байдалд нисгэгч сандарч тэвдэлгүй , Ататуркийн нисэх онгоцны буудалтай холбогдон газардах зөвшөөрөл авч чаджээ. Улмаар тэрбээр нисгэгчийн ур чадвараа батлан харуулж, нисэх онгоцыг аюулгүй газардуулснаар 121 зорчигч, нисэх багийн зургаан хүний амийг авран хамгаалсан байна. Нисэх онгоц Киприйн Эркан хот хүрэхээр нислэг үйлдэж явжээ. Александр Акопов нь 30 орчим жил нислэг үйлдсэн туршлагатай нисэгч ажээ.