Нүүр хуудас Нийгэм Аж ахуйн нэгжүүд бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна

Аж ахуйн нэгжүүд бүрэн тунд хамрагдаагүй хүн ажиллуулах зөрчил гаргаж байна

30
0

НОК-ын Шуурхай штабаас УОК-ын даргын 41 дүгээр тушаал, Эрүүл мэндийн сайдын “Түр журам батлах тухай” А/310 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын А/365 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хоёр Ажлын хэсэг гарган, аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийлээ. Цагдаагийн хурандаа Э.Бөхбат, НМХГ-ын улсын ахлах байцаагч Д.Жаргалсайхан нараар ахлуулсан хоёр Ажлын хэсэг энэ сарын 15-наас үйл ажиллагаагаа эхлүүлсэн сургалтын төв, кофе шоп, чийрэгжүүлэлтийн төв, усан бассейн зэрэг нийт 24 байгууллагын үйл ажиллагааг шалгаж, арга зүйн зөвлөмж өгч ажиллав.

Шалгалтын хүрээнд аж ахуйн нэгжүүдэд бүртгэл дутуу хөтлөх, үйлчлүүлэгчийн халууныг хэмжихгүй оруулах, гар ариутгагчгүй, QR код тавиагүй, хүн хоорондын зай бариулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрч байлаа. Давхардсан тоогоор 56 зөрчил илрүүлэн, газар дээр нь 14 зөрчлийг арилгуулсан юм. Мөн аж ахуй нэгж, байгууллагууд дархлаажуулалтын II тундаа хамрагдаагүй болон бүрэн тунд хамрагдсан ч дархлаа тогтох хугацаа нь болоогүй ажилтан ажиллуулж байсан, үйлчлүүлэгчийн вакцинд хамрагдсан цахим батламжийг шалгахгүй оруулж байсан зэрэг зөрчил нийтлэг гаргажээ.

Зөрчил, дутагдал нэлээдгүй байсан ч дүрэм, журмаа баримтлан ажиллаж байгаа аж ахуйн нэгж ч цөөнгүй таарч байсан талаар ажлын хэсгийнхэн ярьж байлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн Усан спорт сургалтын төв халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, бүх ажилтан, алба хаагчдаа дархлаажуулалтын II тунд хамруулж, үйлчлүүлэгч нарт цаг өгч үйлчилж хэвшжээ. Энэ нь хүчин чадлынхаа 50 хувьд нь үйлчлэх нөхцөлийг бүрдүүлэн, УОК-ын даргын тушаалын тусгай нөхцөл шаардлагыг бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа сайн жишээ болж байсныг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here