Онцгой байдлын алба хаагчид Завхан аймгийн нутаг Отгонтэнгэр ууланд харамсалтайгаар сураггүй болсон 17 уулчны 14-ийг нь амиа алдсан байдалтай олсон. Үлдсэн гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа маргааш өглөө эхэлнэ. Гэвч тэд мөн л амиа алдсан гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж буй юм. Амиа алдсан 14 уулчны цогцсыг өнөөдөр Буянт-Ухаа нисэх онгоцны буудалд 21 цагийн үед нисдэг тэргээр авчирч, цагдаагийн алба хаагчдаар хамгаалуулан Шүүх эмнэлэгт авчирлаа. Манай сурвалжлах групп шүүх эмнэлгийн машиныг дагасаар Шүүх эмнэлгийн гадна ирэхэд талийгаачдын ар гэрийнхэн бүгд цугласан байлаа. Улмаар цагдаа нар хамгаалалт авч, цогцсуудыг шүүх эмнэлгийн эмч ажилтнуудад хүлээлгэн өгсөн юм. Тэнд зураг, дүрс авах хэвлэл мэдээллийн ажилтнуудыг “Хүний мууд дурлалаа” хэмээн дургүйцэх хүмүүс байсан. Бидэнд ч тийм амар байсангүй. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдөө алдсан, уй гашууд авсан эдгээр хүмүүс дунд камер гялалзуулаад явах нь сэтгүүлч, зураглаач бидний хувьд тун хэцүү байсан ч бид мэдээлэх үүргийнхээ хүрээнд тэнд ажиллаж, бэлтгэсэн сурвалжлагаа та бүхэнд хүргэж байна. Бидний мэргэжил нэгт нөхөр ч амь үрэгдсэн уулчид дунд байсан гэх харамсалтай мэдээг тэнд ажиллах явцдаа олж сонссон билээ.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс цогцсуудыг дотогш оруулж байрлуулаад, ар гэрийнхнээр нь таниулахаар дуудах хүртэл гадна хүлээж байхыг тэднээс хүсэв. Гуньж, гутарсан, уйлсаар уйлсаар урсах нулимс нь дуусаж, хатаж цөхөрсөн байдалтай зогсох талийгаачдын ар гэрийхнийг харахад үнэхээр өр өвдөм. Тэдний нулимс үнэхээр “дууссан” бололтой. Дуугаа хураацгаан, хөлөө тогшин зогсоцгоох дүр зураг. Сэтгүүлчид бид ч тэдэнд халдаж зүрхлэхгүй, элдэв зүйл асууж ч зүрхлэхгүй алсханаас ажиглан хэсэг зогсоцгоов. Гэвч зориг гарган хэд хэдэн хүнтэй уулзаж, уй гашууг нь хуваалцаж, хэдэн үг сольсон юм. “56 настай бэр эгчээ алдсандаа итгэж чадахгүй байна. Ах минь бурханы оронд одоод, ганц охин нь гадаадад суралцаж байсан юм. Бэр эгч маань хань нөхрөө алдаад, охиноосоо хол байх хугацаандаа хамт олон, найд нөхөд гэж өөрийн сонирхлоор ууланд авирч, алхаж, сэтгэлээ засч, өөдрөг явдаг хүн байлаа. Гэтэл өнөөдөр ингэж харамсалтайгаар амиа алдлаа. Охин нь маргааш наашаа ирэхээр болсон” хэмээн ярих дүү.
“25-хан настай, амьдрал нь дөнгөж цэцэглэж явсан залуу насандаа хорвоогоос халилаа даа, миний найз” хэмээн хэсэг залуус ярьж зогсоно. Манай хүн ууланд авирах маш сонирхолтой байсан. Бид хэд дотных нь найзууд. Ар гэр, аав ээжтэй нь уулзаад, сэтгэлийн дэм болох санаатай ирчихээд зогсож байна. Найз минь арай л эрт одлоо доо” хэмээн дор бүрнээ нулимс цийлэлзүүлэн зогсох найзууд.
“Дүүгийн маань нэр нас барсан хүмүүсийн нэрсийн жагсаалтад байгаа ч би итгэж чадахгүй байна. Адилхан нэртэй өөр хүн байгаа ч юм бил үү гэж найдах юм. Энэ сарын 17-нд гэрээсээ гараад Отгонтэнгэр хайрхан руу авирна гэж явсан. Энэ хүмүүс 21-нд авирсан гэнэ. Миний дүү Отгонтэнгэртээ авирч буугаад, өөр тийшээ явчихсан юм болов уу. Гэрээс гарахдаа утсаа надад үлдээгээд, ууланд явах гэж байгаа надад утасны хэрэг гарахгүй дээ, танд байж байг гээд үлдээгээд явсан” хэмээн найдвар тасраагүй зогсох эгч.
Энэ үеэр Завхан аймагт болж буй эрлийн ажлын бодит байдлыг нүдээр харж байсан талийгаачдын ар гэрийнхний нэгэн төлөөлөл ийн ярив. Тэрбээр “Онцгой байдлын алба хаагчид хэрэндээ л сайн ажиллах шиг боллоо. Завханд газар дээр нь очиж харж байсан бид тэдний ажлын хүнд хэцүүг үнэхээр ойлгосон. 3000 гаран метрийн өндөрт цас ухаж хүн хайна гэдэг үнэхээр амар ажил алба биш юм билээ. Хүнээ алдсан бид мэдээж хэрэг гомдол тээнэ. Амийг нь аврах боломж байсан юм биш биз дээ гэж онцгой байдлынханаас ам асууж байсан. Гэхдээ болсон аймшигт үйл явдал нүд ирмэхийн зуурт болж, талийгаачид тэр чигтээ доошоо цөмрөөд унасан гэдгийг олж мэдсэн.
Амьд гарах, амьныхаа төлөө тэмцэх боломж тэдэнд олдоогүй. Ар гэрийнхэн бид болон амьд үлдсэн арван хүн хамгийн хүнд хэцүүг туулж байна даа. Биднийг Завханд очиход амьд үлдсэн арван хүн шоконд орсон байдалтай, нэгнээ ч таних сөхөөгүй шахам маш хүнд байдалтай байсан. Тэдэнтэй уулзаж, үг солих ч боломж олдоогүй. Онцгой байдлынхан хэдэн хором тутамд амьд хүн биш цогцос оллоо гэдгийг сонсох үнэхээр үгээр хэлж, илэрхийлэхийг аргагүй шаналал мэдрүүлсэн. Найдлага тээж, горьдож очсон ар гэрийнхэн бид “шок”-нд орж, хагас галзуу байдалтай байж байгаад ирлээ. Талийгаачдын цогцсыг бидэнд огт харуулаагүй. Харуулах ч аргагүй байсан биз. Хэдэн хэсэг хуваагдаж, яс нь хугарч, мах нь тасарсан гэх сураг төдий мэдээллийг нь бидэнд хэлж байсан. Одоо л шүүх эмнэлэг рүү орж цогцос таниулах ажиллага хийх гэж байна” гэв. Цаг гаруй хүлээж зогссоны эцэст 22:30 цагийн үед Шүүх эмнэлгийн эмч нар цогцсуудыг байрлуулж дуусаад, талийгаачдын нэрсийг гурав гурваар нь дуудаж, ар гэрийнхнийг нь дотогш оруулж таниулах ажиллагаа явуулж эхэлсэн юм. Биднийг 21:30 цагт ирэх үед Шүүх эмнэлгийн нэгдүгээр давхарын бүх цонхыг дотроос нь халхалж, битүүлж юмаар бүтээж байлаа. Гэвч хучиж бүтээсэн даавуунуудынх нь завсраар насилк дээр зэрэгцүүлэн тавьсан талийгаачдын цогцос зэрвэс зэрвэс харагдана. Хөлдөж, хөхөрч, хавдаж хөөсөн харахаас нүд хальтрам царай төрхүүд. Талийгаачид бүгд уулын хувцастайгаа байгаа бололтой өнгө өнгийн уулын хувцас харагдана. Биднийг явах үед цогцос таниулах ажиллагаа үргэлжилсээр, талийгаачдын ар гэрийнхэн эмнэлгийн гадна орох ээлжээ хүлээсээр байлаа.
Завхан аймгийн нутаг, Отгонтэнгэр ууланд авиралт хийсэн уулчид цасан нурангид өртсөн иргэдийг эрэн хайх ажиллагаа өрнөсөөр байна. Хамгийн сүүлийн мэдээллээр амьд гарсан иргэдийг Улаанбаатар хотод нисдэг тэргээр авчраад буй юм. Мөн амиа алдсан 14 хүний цогцсыг Улаанбаатар хотод тээвэрлэн авчраад байна. Яг одоо сураггүй болсон 17 хүний ар гэрийнхнийг Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд дуудаж, цогцос таниулах арга хэмжээ зохион байгуулж байгаа. Харин сураггүй болоод олдоогүй байгаа гурван хүнийг эрэн хайх ажиллагааг маргааш үргэлжлүүлэхээр эрлийн ажиллагааг түр зогсоогоод байгаа юм.