Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн нийтийн тээврийн үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.
Улаанбаатар хотын хэмжээнд 870 гаруй автобусны буудал байдаг. Тэдгээрээс Таван шар, Саппоро, Офицеруудын ордон, Багшийн дээд, 21-р хороолол зэрэг 10 гаруй автобусны буудал хөл хөдөлгөөн ихтэй, хамгийн өндөр ачаалалтай байдаг аж. Учир нь эдгээр буудлаас иргэд хамгийн их дамжин суудаг. Иймээс иргэдийн ачаалал их байдаг 21-р хороолол болон Таван шарын автобусны буудал дээр очсон юм.
~Ачаалал их байгаа учир автобусны тоог ХОЁР дахин нэмэгдүүлэв~
Өчигдөр нийтийн тээврийн 58 чиглэлд 315 автобус үйлчилгээнд явж байсан бол өнөөдөр /2021-04-13/ автобусны тоог нэмж 641 болгожээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа,
“Тээврийн хэрэгслийн тоог хоёр дахин нэмсэн. Иргэдийн зорчилт өндөр байна. Хяналт, шалгалтын байцаагч нар иргэд хоорондын зай барилтыг шалгаж байгаа ч зорчигчдын тоо буурахгүй байна” гэв.