Монгол улсын Засгийн газрын 2015 оны 63 тогтоол “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого /2015-2030/”, 2018 оны 325-р тогтоол “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)”-ийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Багануурын дулааны цахилгаан станц, конденсацийн станцын бага хувилбар”-ыг хэрэгжүүлэхэд дөхөм болгон цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах нэмэлт гэрээг байгууллаа.
Энэхүү төсөл нь хэрэгжиж эхэлснээр улсын хэмжээнд өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох, бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хот, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах, дулаан хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэгдэж байна.
Нэмэлт гэрээний онцлог нь эрчим хүчний системийн нөхцөл бололцоо, цахилгаан дамжуулах шугамын хүчин чадлыг сайтар судлан 200 МВт-ын хоёр блоктой ажиллахаар буюу төслийн анхны хүчин чадал болох 700 МВт-аас 400 МВт болгон хүчин чадлыг бууруулж, хэрэгжүүлэх графикийг нарийвчлан гаргаж, эхний ээлжинд баригдах 1-р блокыг 2026 оны 7-р сарын 01-ний өдрөөс өмнө, 2-р блокын хувьд 2026 оны 10-р сарын 01-нээс өмнө ашиглалтад өгөхөөр тусгалаа.
Өмнөх цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд тусгагдаж байсан “Take or Pay” зарчмаас татгалзаж чадсанаараа давуу талыг бүрдүүлж чадсан.
Нэмэлт гэрээг Эрчим хүчний сайдын зөвлөмж, чиглэлийн дор эрчим хүчний системийн технологи удирдлагын төв болох “Диспетчерийн Үндэсний Төв” ХХК, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК, “Багануур пауэр” ХХК гурван талаас зурж баталгаажууллаа.
Засгийн газраас короновируст халдварын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын засгийн газрын 211 тогтоолыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа энэ цаг үед цахилгаан эрчим хүчний хэрэглээ 8% өссөн нь цахилгаан эрчим хүчний эрэлт хэрэгцээ өндөр байгаа, цаашид ч өсөхийг харуулж буй юм.
Төвийн бүсийн хувьд эхний 6 сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал системийн дундаж чадал 99МВт-аар өссөн зэргээс харахад эх үүсвэр дутагдаж болзошгүй бөгөөд энэхүү асуудлыг шийдэх чухал шийдлүүдийн нэг боллоо.