Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчид холбоо хамтран «Бүргэдийн баяр» арга хэмжээг өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аймгийн Бугат сумын нутаг Саят толгой хэмээх газарт зохион байгуулжээ.
Казах түмний нэг үе мартагдах шахсан бүргэдээр ан хийх урлагийг сэргээн хөгжүүлэх, хойш үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор «Бүргэдийн баяр»-ыг 2000 оноос зохион байгуулж эхэлсэн юм.
Энэ жил 19 дэх удаагаа явагдсан уг арга хэмжээнд тус аймгийн 13 сумаас нийтдээ 120 бүргэдчин оролцож, бүргэдээ биедээ дасгасан байдал, ан агнахад сургасан байдалраараа өрсөлдсөн байна.
«Бүргэдийн баяр»-ын үеэр урианхай сур харваа, казах түмний үндэсний тоглом болох «хыз хуар», тулам булаалдах, мөнгө шүүрэх тэмцээнүүд болон тэмээн уралдааныг давхар зохион байгуулжээ. Мөн орон нутгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үелдвэрлэсэн оёдол, хатгамлын бүтээгдэхүүнүүд, бэлэг дүрсгалын зүйлсээ дэлгэж, үзэсгэлэн худалдаа явуулсан байна. Уг арга хэмжээг үзэж сонирхохоор ирэх гадаадын жуулчдын тоо ч жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд энэ удаад 1000 орчим жуулчин ирсэн гэдэг мэдээллийг зохион байгуулагчид өглөө.
«Бүргэдийн баяр» арга хэмжээг Улаанбааар хотод болон Баян-Өлгий аймагт жил 2 удаа явуулж байгаа ч сүүлийн үед сумдад олноор зохион байгуулж эхэлсэн байна. Ийнхүү бүргэдийг уралдаан тэмцээнүүдэд оролцох болон гадаадын жуулчдад сонирхуулах зорилгоор ашиглаж эхэлсэн нь ардын уламжлалыг алдагдуулж болзошгүйг ахмад бүргэдчид сануулж байна.
Энэ удаагийн бүргэдчдийн тэмцээнийг шинэ журмаар явуулснаараа онцлогтой болсон байна. Тэмцээний нийлбэр дүнгээр Алтанцөгц сумын бүргэдчин А.Шаймурат аваргалсан байна. Мөн Алтай сумын бүргэдчин Х.Ардах, Сагсай сумын бүргэдчин Д.Арман нар удаах байруудад шалгарсан байна.