Берлин хотын дарга Михаель Мюллер Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.
Уулзалтын үеэр Берлин хотын дарга Михаель Мюллер зүүн Берлин хотын утааг арилган агаарыг цэвэрлэж, замын түгжрэлийн асуудлыг хэрхэн шийдсэн тухай туршлагаасаа хуваалцсан юм.
Айлчлалын бүрэлдэхүүнд хүрэлцэн ирсэн Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч, хатагтай Лиса А. Россбачер энэ үеэр тус сургуулийн Монгол хэлний тэнхим цаашид ч үйл ажиллагаа өргөжүүлэн зөвхөн орчуулагч бэлтгэх бус, аялал жуулчлал, археологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээр болоод байгаагаа хэллээ.Уулзалтанд Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцлоо.
– Берлин хотын дарга Михаель Мюллер: -Зүүн Берлин хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидний хийж буй ажил одоо ч үргэлжилж байна. Юуны өмнө бид тээврийн хэрэгслийн асуудлыг зохицуулах гэж үзсэн. Цахилгаан тээврийн хэрэгслийг илүү нэвтрүүлэх, нийтийн тээврийн хэрэгслийг цахилгаанаар хөдөлгөх, хувийн машинуудыг цахилгаан техникээр ажиллуулах, орон сууцны барилгад аль болохоор байгальд ээлтэй барилгын материалыг ашиглаж агаарын бохирдол үүсгэхгүй байх тал дэр маш их анхаарч ажиллаж байна. Аль болохоор хүхрийн ислийг багасгах чиглэлд маш их анхаарч байгаа. Бидний энэ ажил хараахан дуусаагүй байна.
-Бидний зорилго бол 2050 он гэхэд Зүүн Берлин хот цаг агаарын өөрчлөлтөөс үл хамаарсан, биеэ даасан эрүүл хот болох ёстой. 1990 онтой харьцуулахад хүхрийн ислийн хэмжээ 2050 онд 85 хувиар буурсан байх ёстой гэсэн том зорилт тавиад байна.
– Хумболдтын их сургуулийн бүрэлдэхүүнд Монгол судлалын тэнхим ажилладаг нь таатай байна. Танай тэнхим үйл ажиллагаага цаашид хэрхэн үргэлжлүүлэх талаар: Хумболдтын их сургуулийн ерөнхийлөгч Лиса А. Россбачер:
-Хумболдтын их сургуулийн Монгол судлалын тэнхим бол их олон жил үйл ажиллагаа явуулж байгаа Европдоо загвар болсон тэнхим. Хичээлээ өнөөг хүртэл хаалгүй явуулж байна. Монгол хэлний сургалтаа бид цаашдаа ч хаалгүй үргэлжлүүлнэ. Хумболдтын их сургууль 2030 он хүртэлх үйл ажиллагааны зорилгоо тодорхойлсон чиглэлээ гаргаж байгаа. Энэхүү чиглэлдээ сургалтынхаа хөтөлбөрийг илүү өргөжүүлэх боломжуудыг судалж байна.
Монгол хэлний сургалтын тухайд зөвхөн хэл, соёл заагаад зогсохгүй, яаж өргөжүүлэх вэ гэсэн судалгаа хийж байна. Өргөжүүлнэ гэдэг маань зөвхөн хичээл заах төдийгүй, дадлага хийх боломжуудыг бүрдүүлэх боломжуудыг судалж байгаа юм.
Монгол орон аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр гаргасан. Монголын аялал жуулчлалын хөтөлбөртэй холбогдуулж бид оюутнуудад дадлага хийх боломж бүрдүүлэх, мөн жуулчдын хөтчөөр ажиллуулах боломжтой гэж үзэж байна.
Хоёр орны археологийн хамтын ажиллагаа үр дүнтэй хөгжиж байгаа. Үүнтэй уялдуулж археологийн чиглэлээр дадлага хийх давхар боломж бүрдүүлэх асуудлыг бид бас ярьж байгаа. Эдгээр боломж байгаа талаар сая Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санал солилцлоо.
-Монгол хэл судалдаг 50 гаруй оюутан бий.