Нүүр хуудас Нийгэм Боловсрол Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

Барилгын ажил нь зогссон сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулахад анхаарна

33
0

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү болон албаны хүмүүс Баянгол дүүргийн 20, Сүхбаатар дүүргийн гурав, Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хөрөнгө оруулалт, гүйцэтгэгч байгууллагын хариуцлагагүй байдал болон бусад шалтгааны улмаас удаашралтай буюу зогсонги байдалтай байгаа сургууль, цэцэрлэгийн 14 барилга байгаа юм.

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 240 хүүхдийн хүчин чадалтай 34 дүгээр цэцэрлэгийн барилга 2018 онд баригдаж, барилгын ажил 96 хувьтай байгаа ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Учир нь барилгын гүйцэтгэгчээр ажилласан “Бизнес фокус” ХХК төсвөөс давсан санхүүжилт хэрэгтэй гэсэн тайлбар өгчээ. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 500 гаруй хүүхэд байдаг ч өмнөх жилүүдэд 47 дугаар цэцэрлэгт хамрагдаж иржээ. 34 дүгээр цэцэрлэгийн тоглоомын талбай болон автомашины зогсоол зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч Л.Батхуяг танилцууллаа.

Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороонд байрлах 54 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга 2017 онд баригдаж эхэлсэн ч барилгын явц 90 хувьд хүрээд зогсжээ. 150 хүүхдийн хүчин чадалтай тус цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчээр “Тералинк” ХХК ажилласан боловч өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа нь зогсоход хүрээд байгаа юм. Тус цэцэрлэгийн хамран сургах тойрогт 250 хүүхэд харьяалагддаг. 54 дүгээр цэцэрлэгийн үндсэн барилга 1984 онд ашиглалтад орсон, хуучны барилга юм. Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор 24 цагийн хоёр бүлэг нээгдэх боломж бүрдэнэ. Түүнээс гадна цэцэрлэгийн хашаанд байгаа тоосгон 30 гараашийг буулгахгүй бол хүүхдүүд гэмтэх нөхцөл үүсээд байгааг цэцэрлэгийн эрхлэгч Х.Тэгшзаяа хэллээ.

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах ерөнхий боловсролын V сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “ПГС” ХХК ажилласан, барилгын явц 85 хувьтай байна. Тус сургууль нийт 3300 гаруй сурагчтай бөгөөд өргөтгөлийн барилга ашиглалтад ороогүйн улмаас III, IV ангийн зургаан бүлгийн 320 хүүхэд Хөдөлмөрийн дээд сургуулийн түрээсийн байранд хичээллэх болоод байгаа юм. 540 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахаас гадна сургуулийн орчмын туслах замыг нээх шаардлагатай байгааг сургуулийн захирал Н.Гэндэнсүрэн танилцуулсан. Учир нь тус сургууль гурван автобустай бөгөөд хичээлийн шинэ жил эхлэхэд эдгээр автобус зогсох талбайгүй болоод байгаа гэлээ. Сургуулийн үндсэн барилга 1957 онд ашиглалтад орсон. НМХГ-аас 2019 онд тус барилгад сургуулийн үйл ажиллагаа явуулахыг зогсоох дүгнэлт гаргасан байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн эдгээр барилгыг түргэн хугацаанд ашиглалтад оруулах чиглэл барин ажиллахыг холбогдох байгууллагуудад анхаарууллаа.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here