Өнөөдөр Бүгд Найрамдах Колумб улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Тито Саул Пинилла Пиниллагын хүсэлтээр монгол улсын сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Элчин сайд улс орныхоо нөхцөл, байдал, сонгуулийн байгууллагын талаар товч танилцуулсан байна.Колумб улс Өмнөд Америкийн хамгийн том хөгжилтэй томоохон эдийн засагтай улс бөгөөд байгалийн баялаг ихтэй хөдөө аж ахуй, уул уурхайд суурилсан эдийн засагтай энэ улс олон талаараа манай улстай ижил төстэй . Колумб улс сонгуулийн үйл ажиллагаагаа автоматжуулах чиглэл рүү явж байгаа бөгөөд түүнийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд сонгуулийн автоматжуулсан системийг нэвтрүүлэн ашиглаж буй Монгол Улсын туршлагыг үнэлж байгаагаа тэрээр илэрхийлэхийн сацуу энэ талын туршлага солилцох чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлээд Колумбын Үндэсний Сонгуулийн Зөвлөлөөс Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах хүсэлт бүхий захидлаа Сонгуулийн Ерөнхий Хорооны даргад гардуулжээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах Колумбын сонгуулийн байгууллагын ажиглагчдыг хүлээн авахад таатай байх болно гэжээ.