Нүүр хуудас Нийгэм “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн боллоо

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн боллоо

481
0
zamiin hodolgoon
"Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөн зохион байгуулагдлаа
Замын цагдаагийн албанаас санаачлан Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран замын хөдөлгөөний аюулгүй байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч, холбогдох хуулийн хэрэгжилтийг хангуулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцон шийдвэр гаргах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах урт, богино хугацааны хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх зорилгоор анх удаа нийслэлийн 6 дүүрэгт “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа” зөвлөгөөнийг зохион байгуулж өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амжилттай явуулж өндөрлөлөө.

Нийслэл хотын Сонгинохайрхан дүүрэг нь Монгол Улсын хүн амын 9.6 хувь, Улаанбаатар хотын хүн амын 21.8 хувь, газар нутгийн 25.5 хувийг тус тус эзэлдэг төдийгүй нийслэлийн Баянгол, Хан-уул дүүргүүд, Төв аймгийн Алтанбулаг, Баянчандмань, Батсүмбэр, Борнуур, Баянцогт сумуудтай хиллэн оршдог томоохон дүүргийн нэг юм. Иймдээ ч Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах авто замуудын хөдөлгөөний ачаалал харьцангуй их байдаг байна.

2017 оны байдлаар л гэхэд тус дүүрэгт нийт 5189 зам тээврийн осол бүртгэгдсэн нь нийт ослын 15,8 хувийг эзэлж байх бөгөөд өмнөх оноос 21,3 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Өнөөдрийн зөвлөгөөнд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Л.Нямгэрэл, Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, дүүргийн ГХУСАЗСЗ-ийн дарга Б.Мөнхцэцэг зэрэг нийслэл болон холбогдох яам агентлагийн төлөөлөл, Нийслэл дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид, хороодын засаг дарга, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд судлаачид оролцож, өөр өөрсдийн илтгэлийг танилцууллаа.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг зөвхөн замын хөдөлгөөнд оролцогчид болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа гэдэг ойлголтоос Монгол Улс татгалзаж, “Хүн-Тээврийн хэрэгсэл-Зам-Орчин” гэсэн өргөн хүрээнд авч үзэх болсонтой холбогдуулан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг замын хөдөлгөөний аюулгүй байдалд чиглүүлж, тулгамдаж буй асуудлуудыг хамтдаа шийдвэрлэж байхаар өнөөдрийн зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргаж хэрэгжүүлэхээр болов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here