Дархан-Уул аймаг 2018 оныг “Ахмадыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өчигдөр Дархан-Уул аймгийн ЗДТГ, “Дархан Эмпати” сургууль, “Өег гурил” ХХК хамтран Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн зорилтот бүлгийн 30 өрх, 20 ахмад настанд сар шинийн тавгийн идээ, гурил, дулаан хувцас, бууз гардуулан өглөө.
“Дархан Эмпати” сургуулийн багш, сурагч, эцэг, эхчүүд хамтран зорилтот бүлгийн иргэддээ тусламжийн гараа сунган өөрсдийн бололцоонд тулгуурлан бараа, бүтээгдэхүүн хандивладаг уламжлалтай бөгөөд энэ дагуу гурван багийн 30 өрхөд дулаан хувцас, бууз, чихэр өглөө.
Харин “Өег” гурил компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн 20 өндөр настанд гурил, сар шинийн тавгийн идээг бэлэглэлээ. Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга С.Насанбат, аймгийн ЗДТГ-ын дарга Ч.Энхбат, Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга С.Энхболд, багийн Засаг дарга нар оролцлоо гэж Дархан-Уул аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.