Нүүр хуудас Улс төр Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын…

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын…

210
0
Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын...
Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын...

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочлоход тус академийн дэд захирал А.М.Марголин, Төрийн захиргааны сургуулийн дэд захирал А.М.Колесников, Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.В.Прохвостова нар хүлээн авч уулзсан байна. Уулзалтад ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, хоёрдугаар нарийн бичгийн дарга А.Тамир, гуравдугаар нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцжээ.

Уулзалтын үеэр тус академийн дэд захирал А.М.Марголин “Манай академи нь төрийн удирдлагын багийг чадваржуулах чиглэлээр сургалт явуулж байна. Сүүлийн гурван жил Сингапур, Малайз улстай энэ чиглэлээр хамтран ажиллаж байна. Оросын төрийн удирдлагын системийг судлах, удирдлагын багийг чадавхжуулах бидний туршлага Монголд хэрэгтэй байж болох юм. Тус академи нь Монголын Төрийн удирдлагын академитай хамтран ажиллах санамж бичиг 2015 онд  байгуулсан. Одоо бид энэ харилцаа холбоогоо сэргээж идэвхжүүлэх хэрэгтэй байна. Бид төрийн албан хаагчдад зориулсан богино хугацаат сургалтуудыг зохион байгуулах болно“ гэж онцлон тэмдэглэв.

Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи нь хүмүүнлэгийн болон нийгэм-эдийн засгийн чиглэлээр 57 салбар сургуультай бөгөөд 160 000 оюутан суралцаж байгаагаас 1000  гаруй нь гадаадын оюутан, Москва хот дахь төв академид 10, тус академийн салбар сургуулиудад 40 гаруй монгол оюутан суралцаж байна.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын Нийгмийн ухааны академид 68 жилийн өмнөөс Монголчууд суралцаж ирсэн баялаг түүхийг дурьдаад тус сургуулийн төгсөгчдөөс хорьдугаар зууны Монголын нийгмийн амьдралд тод мөрөө үлдээсэн шинэ үеийн боловсон хүчин, төр, нийгмийн зүтгэлтэн олон арван хүн төрөн гарсны дотор Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин тус академид суралцаж, эрдмийн зэрэг хамгаалсныг цохон тэмдэглэв.

Энэхүү уулзалт нь Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын ээлжит XXI хуралдааны үеэр Монголын хэсгийн ахлагч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин албан айлчлалын хүрээнд төгссөн сургуульдаа зочлохын өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here