Нүүр хуудас Нийгэм Казак түмний бэлгэдэл “Бүргэдийн баяр”…

Казак түмний бэлгэдэл “Бүргэдийн баяр”…

863
0

“Хаврын бүргэдийн баяр” арга хэмжээг энэ сарын 4-5-ны хооронд “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. Шувуулахуйн зан үйлийг хамгийн сайн хадгалж үлдсэн орон бол Монгол Улс юм. Тиймээс баялаг түүхтэй энэ арга хэмжээг дэлхий дахинд сурталчилж, Монгол Улсыг зорих жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо, “Чингис Хааны Хүрээ” ХХК болон Монголын Бүргэдчид холбоо хамтран тус баярыг зохион байгуулж байгаа аж.

Бүргэдийн баяр тэмцээн хэлбэрээр явагддаг бөгөөд арга хэмжээний эхэнд тэмцээнд оролцох бүргэдчид үндэсний хувцсаараа гоёж, гаршуулсан бүргэдээ гарын шуун дээр суулгаж, бүргэдээр ан хийхэд сургасан морьтой жагсаж орж ирдэг. Үүний дараа Бүргэдийн баярын гол арга хэмжээ болох бүргэдийн ан барих чадварыг шалгах тэмцээнүүд явагддаг. Бүргэдийг уулын оройд байрлуулж, сургасан эзэн нь уулын бэлээс дуудах бөгөөд эзнээ таньж, гарын шуун дээр ирж суух ёстой. Хамгийн хурдан хугацаанд сүрлэг дэвэлттэй ирж, эзнийхээ шуун дээр суусан байдлыг харгалзаж, оноо өгч шалгаруулна. Мөн үүнээс гадна хиймэл амьтныг газраар чирж давхиж, бүргэдийн анг харах болон агнах чадварыг шалгадаг билээ. Одоогийн байдлаар Монголд 400 гаруй бүргэдчин байна.

Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-ийн  “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д албан ёсоор бүртгэн тунхагласан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here