2017 оны 6 сарын 14-ны орой Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Говь” хувьцаат компанийн үйлдвэрийн дээвэр шатаж Нийслэлийн онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах анги болох 12 ангийн албан хаагч, гал унтраах шуурхай албаны 31 автомашин ажиллаж барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг бүрэн унтраасныг нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байна.
Гал түймрийг унтраахад онцгой байдлын газрын 300 гаруй аврагч, гал сөнөөгчид олон цагийн турш идэвхи зүтгэл гарган, эр зориг, авхаалж самбаагаа дайчлан, иргэдийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, багаараа шуурхай ажиллан, барилгын дээврийн хэсэгт гарсан гал түймрийг газар авхуулалгүй, барилга доторхи үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд зүйлсийг гал түймэрт өртөхөөс урьдчилан сэргийлж, бүрэн унтраасныг онцолж байна. Мөн дурьдахад модон хийцээр давхар дээвэр хийж, шилэн хөвөнгөөр дулаалж, 4-5 давхар хар цаасаар давхарласан нь галыг унтраахад хүндрэлтэй байжээ.
Уг гал түймрийн улмаас хүний амь эрсдээгүй, бэртэж гэмтээгүй юм. Мөн гал түймрийг унтраахад УСУГ, ЗЦГ, НЦГ зэрэг мэргэжлийн байгууллагууд харилцан уялдаатай хамтран, гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлж ажиллалаа.