Дэлхийд нэн ховордоод байгаа Монгол бөхөнгийн өнөөгийн байдлын талаар Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын дарга Б.Чимэддоржтой ярилцлаа.
–Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бог малын мялзан өвчин гарч олон тооны бөхөн үрэгдсэн. Яг одоо манай улсад хэдэн бөхөн байгаа вэ?
-Хамгийн сүүлд буюу энэ оны гуравдугаар сарын дунд үеэр хийсэн тооллого судалгаагаар нийт 5000 бөхөн тоологдсон. Цөөрсөн учир нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард мялзан өвчин бөхөнд халдварласанаар нийт сүргийн 55 хувь орчим нь үхэж хорогдсон. Мөн байгаль цаг уурын хувьд хур бороо багатай, ган гачиг ихтэй, ургамал муу ургасан, бэлчээр нутаг хомс зун болж өнгөрсөн. Тэр чигтээ гандуу явсаар одоо өвөлтэй золгож байна. Энэ өвөл цас их орох төлөвтэй байгаа. Мэдээж зун ногоо ургаагүй байж их цас орвол зуд болно. Энэ нь монгол бөхөнд дараагийн нэгэн аюул, эрсдэл үүсэх нөхцөл болж байгаа юм. Үлдсэн 5000 бөхөнг зудаар алдах юм бол дэлхийд өөр хаана ч байхгүй зүйлийн унаган монгол бөхөн устах эрсдэлд ороод байгаа юм. Одоогийн байдлаар бөхөнгийн тархац нутаг дээр очоод үзэхэд бэлчээр талхлагдсан, бэлчээрийн хомсдол их байна. Тэр бүү хэл малчид малаа авч отроор нүүдэл хийж, өөр сумын нутаг руу явж байна.
–Бөхөнгөө авч үлдэхийн тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Манай байгууллагын зүгээс өнгөрсөн аравдугаар сард бөхөнгийн нутгуудаар явж танилцан, бөхөн хамгаалагчидтай уулзсан. Тэгэхэд хамгийн гол нь бөхөн амьдрах орчин нь дорой байгаа нь ажиглагдсан. Тиймээс манай байгууллага олон улсын байгууллагуудтай хамтран тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Жишээ нь өвөл цаг агаар хүндэрсэн үед өвс тэжээл тавих, хоргодох чулуун хашаа хороо барих нь хамгийн түрүүнд хийх ажил юм. Бөхөн маань алс хол газар нүүдэллэн амьдарч чаддаг онцлогтой. Их цас орсон газраас дайжаад цасгүй газраар нүүдэллэн амьдарч чадах учраас нүүдлийг нь чөлөөлөх нөхцлийг хангах хэрэгтэй. Үүнийг Засгийн газар, БОАЖЯ анхааралдаа авч, бодлого боловсруулж, хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай. Цаашдаа Монгол орны төдийгүй дэлхийн хэмжээнд энэ амьтныг аварч үлдэхийн тулд урт хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулах ёстой. Стратеги төлөвлөгөөний чиглэл нь хуучин түүхэн тархац нутагт нь бөхөнг дахин нутагшуулах тухай судлагааны ажил хийх, монгол бөхөнгийн амьдрах орчныг тусгай хамгаалалттай газар нутагт авах гэх мэт ажлыг хийвэл зүйтэй.
–Монгол бөхөн аль нутгаар суурьшиж байна вэ?
-Монгол бөхөнгийн түүхэн тархац нутаг нь 1930-аад онд Увс нуурын хотгороос эхлээд Олон нуурын хөндий, Баянхонгор, Өмнөговь аймаг хүртэл 40 гаруй мянган өргөн уудам газар нутагт тархаж байсан. Одоо Ховд аймгийн гурван сум, Говь-Алтай аймгийн долоон сумд буюу түүхэн тархац нутгийнхаа 30 хүрэхгүй хувьд нь нутаглаж байна. Дэлхий дээр бөхөн гэдэг амьтан нь нэг зүйлийн хоёр салбар зүйлтэй гэж хэлж болно. Нэг зүйл нь Казахстан, ОХУ, Халимаг, Узбекистан улсын газар нутагт амьдарч байгаа соргог бөхөн юм. Соргог бөхөн нь манай Алтайн цаадах гуу гэж том нурууны урд тархан амьдарч байгаад 1950-аад оны үед устаж үгүй болсон. Хоёр дахь зүйл нь Алтайн хойд говь, Шаргийн говь, Хүйсийн говь, Дөргөний хүрэн тал зэрэг цөлөрхөг хээрийн бүсэд тархсан монгол бөхөн юм. Энэ амьтан Монголоос өөр хаана ч байхгүй.
–Манай улс ховор зүйлийн амьтнаа хэрхэн хамгаалдаг юм бэ?
-Монгол бөхөнг амьтны ангийн хуульд нэн ховор амьтнаар, дэлхийн улаан ном, Зэрлэг амьтан, ургамал худалдаалах тухай олон улсын конвенцид хавсралтаар, мөн дэлхийн ховордсон 100 амьтны жагсаалтад оруулж, өндөр статусаар хамгаалсан. Хуулиараа агнахыг хориглодог. Монгол бөхөнд тулгараад байгаа томоохон аюул занал бол хууль бус агнуур юм. Эр бөхөнгийн эврийг дорно дахины анагаах ухаанд хэрэглэх зорилгоор хууль бусаар агнадаг. Зөвхөн эр бөхөнд эвэр ургадаг. Эрийг нь түүж агнана гэдэг нь тухайн сүргийн бүтцийг алдагдуулах, шаргачин сувайрах эрсдлийг бий болгож байгаа юм. Хууль бусаар ан хийсэн тохиолдолд экологийн эдийн засгийн үнэлгээгээр нэг бөхөнг 4.4 сая төгрөгөөр тооцон торгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
–Цаашдаа танай байгууллагаас бөхөнг аврах ямар ажил төлөвлөж байна вэ?
-Энэ долоо хоногийн сүүлээр бөхөнгийн тоо нөөцийн судалгааг дахин хийнэ. Хээрийн судалгаанд явж аль нутгаар голчлон байгаа, нөхцөл байдалтай танилцана. Засгийн газар шаардлагатай үед тодорхой хэмжээний хөрөнгө гаргадаг. Сая гарсан мялзан өвчний үеэр 256 сая төгрөг төсөвлөсөн. Тэр ажлын хүрээнд бөхөнгийн сэг зэмийг устгах, булах, хайж олох ажлуудыг үр дүнтэй зохион байгуулсан. Түүнээс байнгын төсөв шийдэгдээгүй. Манай байгууллагын хувьд 1997 оноос хойш бөхөн хамгаалах чиглэлд тодорхой хэмжээний хөрөнгө, санхүү гарган ажиллаж байна.
–Монгол бөхөнгийн байгалийн онцлог шинж чанар нь юу вэ?
-Монгол бөхөн цөлөрхөг хээр гэсэн эко системийг түшиглэж амьдардаг. Уул руу бараг гардаггүй, тал хээр газар руу ороод байхгүй, цөлөрхөг хээр буюу говийн тачир, сийрэг ургамалтай нутагт амьдардаг. Баглуур, говийн хялгана, таана, хүмүүлээр хооллодог. Махчин амьтдын зүгээс бүргэд бөхөнд хамгийн аюултай. Зургадугаар сарын дунд үеэр бөхөн төллөж эхэлдэг. Төллөх үед нь явж чадахгүй нялх янзагыг бүргэд барьж иддэг. Мөн үнэг, хярс, мануул, гэрийн нохой ч аюултай. Судлаач Бүүвэйбаатарын хийсэн судалгаагаар жилд бөхөнгийн төлийн нийт 30 хувь нь л мэнд үлддэг гэж гарсан. 100 янзага төрсний 70 нь хорогдож, энддэг гэсэн судалгааны үр дүн бий.
эх сурвалж: Зууны мэдээ