Нүүр хуудас Нийгэм “Монцемент”төсөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны шагнал хүртэв.

“Монцемент”төсөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны шагнал хүртэв.

671
0

2016 оны  нэгдүгээр улиралд манай эдийн засаг 3.1 хувиар өссөн бөгөөд үүний 10 хувийг барилгын салбар эзэлжээ.Манай барилгын салбар 2013 оноос эхлэн эрс өсч, тухайн онд анх удаа нэг сая ам метрээс дээш талбай бүхий орон сууц ашиглалтад оруулж  орон сууцны урт хугацаат санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 90 орчим мянган өрх байртай болжээ. Энэ  их бүтээн байгуулалтыг дагаж барилгын материалын үйлдвэрлэл ч хөгжиж байгаа юм. 2015 онд“Монцемент билдинг материалс” компани Дорноговь аймгийн Өргөн суманд нэг сая тн цемент, клинкер үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан юм.  Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт аж үйлдвэрийн жишиг цогцолбор болж Импортыг орлож, нэмүү өртөг дотоодод шингээх нэгэн томоохон төсөл хэрэгжиж байна. “Монцемент билдинг материалс” компанийн хэрэгжүүлсэн “Монцемент” төсөл Европын сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ)  Environmental &Social Best Practice Award буюу Байгаль орчин, нийгмийн хариуцлагын шилдэг төсөл, тогтвортой хөгжлийг хангагч хэмээх нэр хүндтэй  шагнал хүртэж ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч газрын дарга Ирина Кравченко өнгөрсөн лхагва гаригт Шангри-Ла зочид буудалд  “Монцемент” төслийнхөнд шагналыг гардуулан өгөв.

ЕСБХБ нь өөрийн санхүүжүүлж, дэмжин ажиллаж байгаа төслүүдээс жилд нэг удаа, нэг төслийг хөндлөнгийн байгууллагаар сонгон шалгаруулж, тогтвортой хөгжлийг хангагчаар өргөмжилдөг байна. Энэ жил дэлхийн 200 гаруй төсөл өрсөлдснөөс Монголын Монцемент төсөл шалгарчээ.

ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Ирина Кравченко

“ЕСБХБ “Монполимет” групптэй хамтран уг төслийг хэрэгжүүлж байгаад баяртай байна. Үүнийг үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж байгаа нь онцлогтой. Ингэснээр эдийн засгийг төрөлжүүлэхэд хувь нэмэр болно. Энэ нь Монголын анхны эко цементийн үйлдвэр юм. Хуурай аргын технологийг хэрэглэснээр усны хэрэглээ асар багасна” хэмээн ярилаа.

“Монцемент билдинг материалс” компани энэ цементийн үйлдвэрийн ажлыг 10 жилийн өмнөөс эхэлсэн юм. Дорноговь аймгийн Өргөн сум дахь 250 жилийн нөөцтэй Сэнжит худгийн шохойн чулуун ордыг түшиглэн энэ үйлдвэрийг босгосон. Тус орд нь 230 сая тн шохойн чулуу, 150 сая тн занарын нөөцтэй аж. “Монполимет” компанийн захирал С.Энхтуяа “Монцемент” нь Монголын төдийгүй дэлхийн хэмжээний төсөл боллоо. Монгол хүн Дэлхийн хэмжээний төслийг хэрэгжүүлж чаддагийг Монцемент төсөл харуулж байна. Хамтран ажилласан ЕСБХБ-ны хамт олонд баярлалаа” гэв.

Төсөл ЕСБХБ болон “Монполимет” группийн  хамтарсан хөрөнгө нийт 250 сая ам.доллараар босжээ. Мөн “Монцемент” үйлдвэр нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Энэ хэрээр гадагш урсах валютын урсгал хумигдаж,  гадаад худалдааны тэнцэлд ашигтай гарахад нөлөөлж байгаа юм.

“Монцемент билдинг материалс” компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан: Төсөл хэрэгжих явцад олон бэрхшээл байсан ч бид хамт даван туулсан. Үүний хүрээнд говь нутагт шинэ хот бий болон сүндэрлэж, бүтээн байгуулалт өрнүүлж, тогтвортой хөгжлийн суурийг тавьсан нь бидний бахархал юм. Мөн Монгол Улсад анх удаа тогтвортой хөгжлийн шагналыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Бид цаашид ч байгаль орчин нийгмийн хариуцлагадаа дэлхийн хамгийн шилдэг туршлагыг нэвтрүүлэн ажиллах болно.” гэлээ.

Хуурай аргын цементийн үйлдвэр нь уламжлалт нойтон аргын технологиос усны хэрэглээ гурав дахин бага, эрчим хүчний хэрэглээ нь 30 хувиар бага байдаг гэнэ. Монцемент үйлдвэрийг Эко үйлдвэр гэж тодотгох нэг шинэлэг технологи нь үйлдвэрээс гарах хаягдал халуун хийг ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх WHR системийн цахилгаан станц суурьлуулсан нь Монголдоо анхдагч болж байна. Орчин үеийн, эрчим хүчинд хэмнэлттэй энэ технологийг одоогоор Румын, Герман, Словак зэрэг орны цөөн хэдэн үйлдвэрт ашиглаж байгаа аж.

“Монцемент билдинг материалс”- компанийн гүйцэтгэх захирал Гош Жойи:“Тогтвортой хөгжил болон нийгмийн хөгжил нь ЕСБХБ-ны санхүүжүүлэх төсөлд тавих үндсэн шалгуур байдаг. Энэ төсөл дээрх шалгуурыг бүрэн хангасан нь цаашид хэрэгжих бусад төсөлд үлгэр дуурайл болно гэж найдаж байна” гэлээ.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here