Нүүр хуудас Нийгэм Нийслэлийн “Шилдэг хороо”,“Шилдэг баг”-ууд тодорлоо

Нийслэлийн “Шилдэг хороо”,“Шилдэг баг”-ууд тодорлоо

154
0

Нийслэлийн “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Тус арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр болон 9 дүүргийн 152 хорооны төлөөлөл оролцсон юм.

Арга хэмжээг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд:“Анхан шатны байгууллага буюу хороодод ажиллаж буй ажилтан албан хаагчдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, иргэдтэйгээ тулж ажилладаг хэсгийн ахлагч нарын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх, мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг бол сургалтын хөтөлбөрийг боловсруулсан явдал юм. Энэ долоо хоногт бид төрийн албан хаагчийн сургалтын танхимыг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Драгон салбарт нээсэн. Энэхүү сургалтын төвөөр дамжуулан төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх ажлыг зохион байгуулна. Бид бүхэн 2017 оныг Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил болгон зарласан. Энэ хүрээнд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж, Засгийн газраар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барьсан. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд нийслэл, дүүрэг, хороодын статусыг дээшлүүлэх, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр хийгдэх нэлээн олон заалт оруулсан байгаа. Хууль батлагдчихвал нийслэл, дүүрэг, хороодын хөгжилд ахиц гарч, ажилтан албан хаагчдын нийгмийн баталгаа дээшилхийн зэрэгцээ үүрэг хариуцлага ч нэмэгдэх болно” гэсэн байна.

Нийслэлийн дүүрэг, хороодод ажиллаж буй төрийн албан хаагч, хэсгийн ахлагч нарт ажлын байран дээрх сургалт, семинар, мэргэжил арга зүйн зааварзөвлөгөө өгөх, мэргэжил арга зүй, туршлага солилцох үйл ажиллагааг идэвхжүүлж, мэдээлэл солилцох харилцааг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг 2 үе шаттай зохион байгууллаа.

Нийслэлийн 2017 оны “Шилдэг хороо”, хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааны дүнгээр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Тэргүүн байр, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Дэд байр, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Гутгаар байрт шалгарав.

Хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг”-аар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Тэргүүн байр, Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Дэд байр, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Гутгаар байр тус тус эзлэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here