Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн дөрвөн гүүг тус улсын цэргийн агаарын хөлгөөр Монголд өнөөдөр тээвэрлэн авчирч байна. Энэ нь Европоос тахь авчирч буй ес дэх удаагийн тохиолдол юм.
Үүний өмнө, Прагийн амьтны хүрээлэн “Монголоос илгээсэн ил захидал” санхүүгийн дэмжлэг авах аян зохион байгуулжээ. Энэ нь Чехийн иргэдийн анхаарлыг ихэд татсан байна. Аянд нэгдсэн хүн бүрт Монгол дахь багийн гишүүд гарын үсэгтэй ил захидал илгээсэн бөгөөд аяны орлого нь Монголд нэн ховордоод буй мазаалай, бөхөн, хавтгай зэргийг хамгаалах санд орох аж. Нэг ёсондоо, тахийн ес дэх удаа тээвэрлэхэд Прагийн амьтны хүрээлэнг үзэж сонирхсон нийт зочдын санхүүгийн хувь нэмэр шингэсэн гэсэн үг юм.
Мөн Прагийн амьтны хүрээлэнгээс Говийн Их Дархан цаазат газрын Б хэсэг дэх байгаль хамгаалагчдад бартаат зам туулах чадвартай тээврийн шинэ хэрэгсэл болон мотоцикл хүлээлгэн өгөх аж.
Монголд Европын амьтны хүрээлэнгүүдээс энэ жилийнхтэй нийлээд 35 адууг сэргээн нутагшуулаад байна. Чех болон Монголын шинжээчдийн хамтын ажиллагааны ачаар, дархан цаазат Говийн Б бүс дэх тахийн сүргийн тоо жил бүр нэмэгдэж байгаа юм. Өнөөдөр ирж буй тахийн дөрвөн гүүг Говийн Их дархан цаазат газар болон тусгай хамгаалалттай газарт нутагшуулна. Эндэх тахийн сүргийн тоо толгой 230 гаруй болжээ.
Манай улсад Хустайн нуруу, Тахийн тал, Хомын тал гэсэн гурван газар тахийн сүрэг 60 унагаар бүл нэмж, нийтдээ 600 гаруй тоо толгой болоод байна. Тухайлбал, Говь- Алтай аймгийн Бугат сумын Тахийн талд жил бүр 3-4 тахь хүргэж, нутагшуулах төсөл хэрэгжүүлж байна.