~Сурагчдыг үйлдвэрлэгч болгох хандлагыг төлөвшүүлнэ~
Орхон аймгийн 20 дугаар сургуулийн сурагчдын шилдэг бүтээлийг худалдан авч аймгийн бэлэг, дурсгалын багцад оруулахаар боллоо.
“Энэ нь сурагчдын бүтээлийг үнэлэх, хүүхдийг багаас нь хэрэглэгч бус үйлдвэрлэгч болох хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа” гэж Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут хэлж байна. Тэрээр тус сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэнг сонирхох үеэрээ энэхүү саналыг гаргажээ.
20 дугаар сургуулийн сурагчдын урласан уран зураг, цаасан болон эсгий урлал, хайчилбар болон бусад бүтээлийг орон нутаг худалдан авч, хүүхэд тус бүрийн хадгаламжийн дансанд нь мөнгийг нь шилжүүлэх юм.
Ингэснээр хүүхдүүд өөрсдийн хийсэн бүтээлээ үнэлүүлэх, урамших, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, санхүүгийн сахилга батад суралцах гээд олон давуу талтай аж.